Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгаврын хүрээнд 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нарт Шадар сайд Н.Номтойбаяр албан чиглэл хүргүүллээ.
Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж буй гэнэ. Үүнтэй холбоотойгоор малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар Улсын онцгой комиссын ажлын албанд удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ. Тухайлбал, улсын тусгай хэрэгцээний отрын есөн бүсэд 1.37 сая орчим толгой мал өвөлжүүлэхээр 13 аймгийн 40 сум, нийслэлийн нэг дүүргийн 1028 малчин өрх хүсэлт ирүүлсэн байна.
Иймд Шадар сайд аймаг дундын отрын бүс нутгийн ашиглалт, мал сүргийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, орон нутгийн уялдаа холбоог хангах, отор нүүдэл хийж буй малчдад төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болгов.
Ч.Болор