Монгол Улсын дархан цаазат гайхамшигт нэгэн нутаг хүмүүсийн буруугаас болж түймэрт өртөж, нөхөж баршгүй гарз хохирол тохиогоод удаагүй байна. Хиймэл дагуулын зураглалаар нийт 528 765.5 га тал бай түймэрт өртсөний 448 993.6 га нь Нөмрөгийн дархан цаазат га зарт хамаарна. Түймрийн улмаас олон төрөл зүйлийн амьтан хил даван дүрвэсэн. Аливаа гамшгийн үед хил дам нан явсан амьтад эргэж нутгаа зорьдог, эсэх, энэ асуудлыг олон улсын ямар хууль, жур маар зохицуулдаг талаар хүргэе.
Тодруулга
Дорнод аймгийн Халхгол сумын 582.2 мянган га талбайд орших Нөмрөгийн дархан цаазат газар бол өмнөд хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн ойт хээрийн бүс. 1995 онд дархалсан энэхүү газар нь Хянганы уулын эталон, Төв Азийн хуурай хээр талын онцлогийг шингээсэн гойд ач холбогдолтой нутаг гэдгийг олон улсын мэргэжилтнүүд тодотгодог. Уулын эталон гэдэг нь тухайн газар зүйн бүс нутаг, уулархаг мужийн байгаль, геологийн тогтоц, хөрс, ургамал, амьтны аймгийн унаган төрх, онцлогийг хамгийн сайн хадгалсан загвар аж.
Хянганы экосистем онцгой бөгөөд Монгол Улсын хэмжээнд цор ганц систем. “Википедиа”- д тэмдэглэснээр, 70 төрлийн 487 зүйл ургамал тархсан. Хянганы салбар уулс бол дэлхийд ховордсон Уссурын болон Хар мөрний хандгай, Дагуурын зараа, Евразийн халиуны гол нутаг. Нөмрөг, Халхголын сав нутагт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүсэд өндөглөн зусдаг юм байна. Нэн ховор амьтны жагсаалтад бүртгэлтэй 13 зүйлийн шувуу гэхчлэн гайхамшигт амьд ертөнцийг тэндээс харах боломжтой байлаа.
“ХИЛ ЗӨРЧИГЧДИЙГ” ХАМГААЛАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН
Түймэр, шуурга, үер, зуд, ган гэхчлэн байгалийн онц ноцтой үзэгдэл, гамшгийн улмаас мал, амьтан, жигүүртэн зэргэлдээх улсын хилийг давж, гаталсан үйл явдал дэлхийн хэмжээнд цөөнгүй бүртгэгджээ. Ийм тохиолдолд олон улсын нэгдсэн хууль, конвенцуудаас гадна бүс нутгаараа хиллэх тухайн улс хоорондын гэрээ, мал эмнэлгийн хорио цээрийн дүрмийн хүрээнд зохицуулдаг байна. Тодруулбал, аливаа төрөл зүйлийг хил давуулан буцаахад хамгийн түгээмэл хэрэглэдэг гол зохицуулалт нь хөрш улсуудын Хилийн дэглэмийн гэрээ. Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хил давсан мал, эд хөрөнгийг саатуулан хадгалж, нөгөө талд эргүүлэн хүлээлгэж өгөх заалттай гэрээ Монгол, Орос, Хятад гурван хөршидч бий.
Хил давсан төрөл зүйлээс хамаарч тухайлбал, малын хувьд халдварт өвчин тээх эрсдэлийг харгалзан тухайн улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу хилийн боомтод хорио цээрийн үзлэг, ариутгал хийж, шилжүүлдэг бол зэрлэг амьтдыг буцаах, шилжүүлэхэд үйлчилдэг олон улсын хэд хэдэн конвенц байна.
•Ховор төрөл зүйлийг барьж эх оронд нь буцаахдаа Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-оор зохицуулна.
•Нүүдлийн зэрлэг амьтдыг хамгаалах тухай Боннын конвенц (CMS) бол гамшгийн улмаас нүүдлийн замналааөөрчилж, хил давсан зэрлэг амьтдыг хамгаалах, саадгүйгээр шилжих нөхцөл бүрдүүлэхэд үйлчилдэг, энэ талаар дагнасан чухал баримт бичиг. Үүний дагуу уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас үүдэн амьтдын байршил, нүүдлийн зам өөрчлөгдөхөд экосистемд суурилсан уян хатан менежмент хийх үүргийг гишүүн орнууд нь хүлээдэг байна. Мөн “Гамшгийн үед амьтад аюулгүй бүс рүү дүрвэх боломжийг олгохын тулд хилийн шугам, дэд бүтцийн хашаа зэрэг саадыг бууруулах, экологийн коридор үүсгэх”-ийг улс орнуудад уриалдаг.
•Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцын хүрээнд баталсан Төв Азийн хөхтөн амьтдыг хамгаалах санаачилга (CAMI) бол тухайн бүс нутгийн нүүдлийн хөхтөн амьтдын амьдрах орчин, экологийн коридорыг хадгалах зорилготой. Жишээ нь, гамшгийн үед хил дамнадаг цагаан зээр, хулан, аргаль зэргийг бүс нутгийн хэмжээнд хамтран хамгаалах зохицуулалттай олон улсын эл санаачилгад манай улс идэвхтэй оролцдог.
•Биологийн олон янзын байдлын тухай конвенц (CBD) гэж бий. Үүний хүрээнд улс орнууд хил дамнасан экосистемийг хамгаалах үүрэгтэй бөгөөд гамшигт нэрвэгдсэн амьтдыг хил нэвтрэх үед нь агнах, хөнөөхөөс хамгаалах хариуцлагыг “хүлээн авагч” улс нь хүлээх зохицуулалттай. Эдгээр баримт бичгийн дагуу улс орнууд хил давж ирсэн, туйлдсан амьтдад ус, тэжээл тавих зэргээр хамгаалах, хамтран судалгаа, хяналт хийх зэргээр ажиллах үүрэгтэй. Үүнээс гадна өнгөрсөн онд баталсан Байгаль хамгаалах олон улсын холбооны нүүлгэн шилжүүлэлтийн удирдамж бол зэрлэг амьтдыг хариуцлагатай тээвэрлэх талаардагнасан зохицуулалт аж.
НҮБ-ын байгаль орчны эдгээр суурь конвенц болон улс хоорондын хилийн хэлэлцээрүүдээр зохицуулсан олон жишээ байна. Газар дундын тэнгисийн бүс нутагт зуны улиралд ой хээрийн түймэр дэгдэх нь бараг хэвийн үзэгдэл бөгөөд гамшгийн үеэр зэрлэг гахай, буга, яст мэлхий зэрэг амьтан хил дамнан дайжсан тохиолдол цөөнгүй.
Энэ тохиолдолд жишээ нь, Грек, Турк улс хамтран мал, амьтдыг хамгаалах, буцаах ажлыг тогтмол шуурхай зохицуулдаг нь олон улсад том үлгэрлэл гэдгийг зохих мэргэжилтнүүд дурджээ. Үүнтэй адил ӨАБНУ, Мозамбик, Зимбабве улсуудын хил дамнасан Лимпопо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үер, ган гачиг нүүрлэхэд заан, гөрөөс зэрэг амьтан хил давдаг. Тиймээс гамшгийн эрсдэл буурсны дараа эдгээр улс хамтран амьтдыг нутагт нь буцаан шилжүүлэх ажилдаа гаршжээ.
Тэгвэл Америк, Канад, Мексикийн хилээр амьтад “дураар” гарсан, орсон асуудал мөн л байнга шахам гардаг гэнэ. Мөн “Нилийн их нүүдэл” хэмээн нэрлэдэг, хэдэн сая Африкийн гөрөөсний нүүдэл улирлын чанартайболдог. Тэдгээрийг гамшгийн дараа нүүлгэн шилжүүлэх үүргээ гурван тал амжилттай хэрэгжүүлсээр иржээ.
Өмнөд Суданы үндэсний паркуудаас Этиопын Гамбелла хүрээлэнг зорьж, хил давдаг гөрөөснүүд гамшгийн дараа зөнгөөрөө харьдаг аж. Энэ бүх тохиолдолд дээрх гэрээ, конвенцуудын хүрээнд ажиллах үүргээ улс орнууд амжилттай хэрэгжүүлсээр ирсэн байна. Үүнээс гадна 2019-2020 онд Австрали улс түймрийн “даллагатай” байж, асар их хохирол амссан. Урьд өмнөх гамшгуудын үеийнхээс давсан их тоогоор хэмжигдэх амьтад сүйрч, ой, хээрийн болон усны олон төрөл зүйл хил давсан. “Хар зун” хэмээн нэрлэсэн энэ үеэр ойролцоогоор гурван тэрбум амьтан үхсэн болон амьдрах орчноо орхисон талаар Дэлхийн зэрлэг ан амьтдын сан, Австралийн эрдэмтэдтэй хамтран бэлтгэсэн тайланд дурджээ.
Гамшгийн дараа ч энэ тоо хурдацтай өссөн нь өлсгөлөн, утааны хордлого, шингэн алдаж, стресст өртсөн, хүмүүсийн эзэмшил газарт нэвтэрч, гарцгүй болсон зэрэг шалтгаантай. Тивийн байршлын улмаас түймэртэй бүс нутгаас зугтсан амьтад гадагш хил дамнах боломжгүй учраас тус улсын муж хоорондын зохицуулалтаар амьтдыг хамгаалж, буцаадаг. Энэ тал дээр тус улс арвин туршлагатай. Тэгвэл Балбын Читван үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн, Азийн нэг эвэрт хирснүүд хүчтэй аадрын улмаас усанд урсаж, Энэтхэгийн хилийг давсан явдал 2017 онд болжээ. Нийт 11 толгой бүл хирс Валмики барын нөөц газарт хүрснийг хоёр тал хамтран ажиллаж, есийг нь дөрвөн сарын хугацаанд төрхөмд нь буцаасан. Тэдгээрээс нэг нь сураггүй болж, үлдсэн нэгийг нь гурван жилийн дараа буюу 2020 онд олж, эх оронд нь хүлээлгэн өгчээ. Хүний нутагт ганцаар үлдсэн залуу эрэгчнийг чихрийн нишингийн талбайгаас олж, тайвшруулах тариатай сумаар “намнан” баривчилсан аж. Зимбабве улсаас Ботсвана руу заанууд дүрвэх нь элбэг. Мэдээж мөн л ган гачгаас дайжиж ийнхүү нүүдэллэдэг бөгөөд ийм тохиолдлын хамгийн том давлагаа 2023 онд бүртгэгджээ. Зимбабвегийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн Хвангегийн заан, одос үхэр, тахь хөршийн нутагт хүрсэн. Тэдгээрийг тусгайлан зохион байгуулсан ажиллагаа, гэрээний хүрээнд буцаагаагүй бөгөөд хэт халдаг үе, зуны улирлын төгсгөлд амьтад өөрсдөө нутгаа зүглэдэг юм байна. Энэ нь Зимбабвед бороо орж эхэлдэгтэй холбоотой. Ингэж хүний нутаг руу нүүхдээ амьтад ялангуяа зааны сүрэг асар их хохирол, саад бэрхшээлтэй тулж, олноор үхдэг. Бусдын газарт, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүсийг дайрахад ургац сүйддэг учраас байнга хүмүүстэй тулж, хөөгдөн, дайтах зэргээр тал талын хохиролтой байдаг.
БУРУУТНЫГ ХЭРХЭН ШИЙТГЭВ
Онцгой хамгаалттай бүс нутаг болон байгальд хүний буруугаас болж гамшиг нүүрлэсэн тохиолдолд хэрхсэнийг сонирхъё. Хувь хүний санамсаргүй болон санаатай үйлдлээс үүдэлтэй байгалийн гамшгийг олон улсад хатуу шийтгэдэг байна. Тухайлбал, 2017 онд 15 настай хүү Америкийн Орегон мужийн Колумбиа голын хавцлын тусгай хамгаалалттай бүсэд салют буудуулснаас болж түймэр дэгдэн, 20 000 гаруй га ой шатжээ. Шүүхээс түүнд таван жилийн тэнсэн харгалзах ял, 37 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийн зэрэгцээ бараг гурван сар нийтэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл ногдуулсан. Дэлхийн жишгээс харахад хувь хүний хайхрамжгүй үйлдлээс гарсант хохирлыг зөвхөн уучлал гуйх, бага хэмжээний торгуулиар хаадаггүй юм байна. Тухайн этгээдийн насан туршийн орлогоос суутгах замаар болон авран хамгаалах зардлыг заавал нөхөн төлүүлдэг нь бусдад сургамж болох хөшүүрэг аж. Энэ тохиолдол Монголынхтой нөхцөл байдалтай төстэй аж.
Чилийн Торрес дель Пайне цэцэрлэгт хүрээлэн бол дэлхийд алдартай дархан цаазат газар. 2011 онд тэнд зорчсон Израилийн жуулчин ариун цэврийн цаас шатааснаас болж түймэр дэгдэхэд хүргэжээ. 17 600 га газрыг нь хуйхалсан гадаадын иргэнээр хохирлыг барагдуулахаар тус улсын Засгийн газар нэхэмжлэл гаргажээ. Түүнчлэн тухайн хүнд шүүхээс хорих ял оноосон. Гэвч Израилийн иргэн, 23 настай Ротем Сингер тохиролцооны үндсэн дээр эрүүгийн хэргээс мултарч (мөрдөн байцаагчдын мэдээлснээр гал нь шатаж буй ариун цэврийн цаастай болгоомжгүй харьцсанаас үүдэлтэй) чадсан. Гэхдээ 2015 онд Чилийн Дээд шүүх иргэний нэхэмжлэлээр хэргийг хэсэгчлэн дахин нээж, түүнд хориотой газарт гал асаасантай холбоотой экосистемд учирсан хохирлын хариуцлагыг хүлээлгэсэн.
Гал гарах үед ойролцоогоор 400 жуулчныг нүүлгэн шилжүүлж, цэцэрлэгт хүрээлэнг хааснаар хүний амь эрсдээгүй бөгөөд гэм буруутай этгээдийг тухайн үед нь бус хэд хоногийн дараа саатуулан, баривчилсанч удалгүйсулласан. Энэ явдал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Израилийн эсрэг давлагааг өдөөсөн бөгөөд хариуд нь Израилийн эрх баригчид Торрес дель Пайн ойг сэргээх хандивын аян, суулгац хандивлах ажил зохион байгуулж эхэлжээ. Ротем Сингерийн хэрэгтэй шууд холбоотойгоор Торрес дель Пайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлах ажилд Израиль хамтарч ойжуулалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс эхлээд санхүүгийн нөхөн төлбөр олгосон байдаг._
Т.Эрдэнэ