Испаничууд орон сууцын түрээсний үнэ, амьжиргааны өртөг нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсныг эсэргүүцэн уржигдар бүх нийтээр ажил хаялаа. Тус улсад 14 жилийн дараа бүх нийтийг хамарсан ийм үйл явдал болж, дөрвөн сая орчим хүн нэгдсэн нь нийт ажиллах хүчний тавны нэгтэй тэнцэж байна. Үүнийг Испанийн хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл болох Ажилчдын ерөнхий холбоо, Ажилчдын комисс хамтран зохион байгуулжээ. Тэд ажилчдын цалин түрээсний төл бөр болон өдөр тутмын хэрэглээний зардлаа нөхөхөд хүрэлцэхгүй байгааг онцолсон юм.
Тус улсад орон сууцны эрэлт нийлүүлэлтээсээ давж, түрээсний төлбөр сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгджээ. Испанийн Төвбанкны тооцоогоор орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү одоогоор 750 мянгад хүрсэн бөгөөд 2028 он гэхэд нэг саяас давах төлөвтэй байна. Түүнчлэн сарын дундаж түрээсний төлбөр 1176 евро байгаа нь залуучуудын сарын дундаж орлогын 98.7 хувьтай тэнцэж буй аж.
Орон сууцын хүртээмж, түрээсний дарамт иргэдийн бухимдлыг улам өрдсөн нэгэн харамсалтай явдал өнгөрсөн есдүгээр сард Мадрид хотод болжээ. Тодруулбал, 87 настай эмэгтэйг олон жил амьдарсан гэрээс нь албадан гаргаснаас хэдхэн хоногийн дараа тэрбээр нас барсан байна. Энэ явдал орон сууцын асуудлыг нийтийн анхаарлын төвд оруулж, орон даяар иргэд дургүйцлээ илэрхийлэн жагсахад хүргэжээ. Үүнээс гадна парламент түрээслэгчдийн эрхийг хамгаалах, түрээсийн дарамтыг бууруулах Засгийн газрын саналыг дэмжээгүй нь иргэдийг ихэд бухимдуулсан гэнэ.
Ажил хаясны улмаас нийтийн болон агаарын тээвэр, төмөр зам, үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа доголджээ. Мөн Мадрид, Барселона зэрэг томоохон хотод олон мянган хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн ч орой нь зарим газарт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Мадрид хотод цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан бол Барселонад зарим хүн дэлгүүрийн цонх хагалж, гудамжинд гал тавьжээ. Цагдаагийн байгууллагынхны мэдээлснээр эмх замбараагүй байдалтай холбоотойгоор орон даяар 73 хүнийг баривчилж, мөргөлдөөний улмаас 20 иргэн гэмтсэн аж.
Э.Сондор