Улсын хэмжээнд энэ оны гурав дугаар улирлын байдлаар сан хүү гийн салбарын нийт хөрөнгө буюу зах зээлийн хэмжээ 28.7 их наяд төг рөгт хүрч, дотоодын нийт бүтээг дэ хүүний 32 орчим хувьтай тэнцжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс зах зээлийн үзүүлэлт нь 35 хувиар өс сөн дүн аж. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 16.7 их наяд төгрөгт хүрч 2 025 оны эхнийхээс 28.5 хувиар нэмэгджээ. Үнэт цаасны данс эзэм шиг чийн тоо 2.6 саяас давсан бол бро кер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани гэхэд 400 гаруй бүртгэлтэй байна. Товчхондоо, хөрөнгийн зах зээ лийн үнэлгээ, уг зах зээлд орол цогчид, үйл чилгээ үзүүлэгчдийн тоо хэдэн жи лийн өмнөхөөс харьцангуй олшир сон. Гэхдээ уг салбар санхүүгийн зах зээлд хэр зэрэг жин дарж байгаа болон хөрөнгө оруулалтыг “солонгоруулж”, иргэдийн сонирхлыг татаж, орлогыг нь өсгөж чадаж байна уу. Гадаадын, мэр гэжлийн хөрөнгө оруулагчдын эз лэх хувь ямар байгаа бол. Эл асуудал ан хаарал татна.
2025 оны байдлаар Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн Top-20 индексийг тодорхойлогч компаниудын үнэт цаасны 80 орчим хувь нь томоохон хувьцаа эзэмшигчдэд ногдож байжээ. Энэ нь зах зээлд чөлөөтэй худалдаалагдах үнэт цаасны хэмжээ бага, арилжааны идэвх муу байгааг илэрхийлдэг аж. Түүнчлэн тэтгэврийн болон даатгалын компаниудын оролцоо сул, урт хугацааны хөрөнгө оруулах хэрэгсэл байхгүй нь иргэдийн сонирхлыг бууруулж, тогтвортой хөрөнгө оруулах сэдлийг багасгадаг гэнэ. Хэдийгээр МХБ-ийн арилжааны дүн, зах зээлийн үнэлгээ жил ирэх бүр өсөж байгаа ч уул уурхайн бүтээгдэхүүн болон зарим бондын борлуулалт л өндөр байгаа нь иргэд, аж ахуйн нэгж төвтэй, олон хэрэглэгчийг хамруулсан, нээлттэй зах зээл байхгүйг илэрхийлж буйг хэлэх хүн цөөнгүй бий. Иргэдэд хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сул, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн талаарх ойлголт бага, болгоомжлол түгээмэл байгаад нөлөөлөх хүчин зүйл ч олон байна. Тухайлбал, хүмүүс хувьцаа аваад ногдол ашиг хүртээгүй, хувьцааных нь анхны үнэ унасан, эрх ашиг нь зөрчигдсөн зэргийг дурдсаар. Энэ талаар иргэн Ч.Намуун “Би “Монгол шилтгээн” компанийн хувьцаа эзэмшигч боловч ногдол ашиг авч, өгөөжийг нь хүртэж үзээгүй. Одоо бүр мартагдсан. Мөн 2023 онд “Газар шим” компанийн үнэт цаасыг нэгжийг нь 53 төгрөгөөр худалдан авч, хөрөнгө оруулж байлаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар нэгж хувьцаа нь 34.9 төгрөг хүрч “унасан харагдсан”. Бас Худалдаа хөгжлийн банкны хувьцаа авсан хүмүүс, ханш нь уналаа хэмээн сэтгэл дундуур байгаа. Бид хөрөнгө оруулсныхаа өгөөжийг хүртэж чадахгүй сууна. Бага хэмжээний хувьцаатай хүмүүс, жижиг хөрөнгө оруулагчид тухайн компаниудад ашиг оруулж өгдөг ч, өөрсдөө хүртэх өгөөж бага” гэв. Тэгвэл иргэн Ц.Ганчулуун “Манай гэр бүл бусад айлыг бодвол олон хувьцаатай гэхэд болно. “Эрдэнэс Тавантолгой”-н 2600 орчим хувьцаа байгаа бол, Улсын их дэлгүүрийнх (УИД) ч бас бий. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашигт нийт бид 1.3 гаруйтөгрөг авсан. Гэтэл УИД байдаггүй, сүүлийн хэдэн жил л ашиггүй ажилласан гэх юм. Уг нь УИД-ээр ороход хүмүүс холхисон, том л “сав” байдаг. Гэтэл хувьцаа эзэмшигчдэдээ ээлгүй. Хувьцаа эзэмшигчдийн хуралд нэг удаа суусан.Түрээсээс өөр орлогогүй, зардал их учраас цэвэр ашиг олоогүй л гэсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашиг өндөр гарсан гэнэ лээ. Одоо ногдол ашиг хүртээх байлгүй” гэв. Түүнчлэн 51 настай, инженер мэргэжилтэй Б.Алтантулга“Би хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар ямар ч мэдлэггүй. Урт хугацаанд, бага мөнгөөр ч хамаагүй хувьцаа авч явбал өсдөг л гэж ерөнхийд нь ойлгодог. Санхүүгийн сахилга баттай байж, хөрөнгөө нэмэгдэхийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй л гэдэг. Гэхдээ их, бага ямар ч бай өөрийн хөрөнгийг хэнд итгэж өгөх вэ гэдэг чухал. Сүүлийн хорь гаруй жилд цөөнгүй банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо дампуурсан. Хувьцаат компаниуд ч дампуурчих юм билүү. Хэнд итгэх билээ” гэв.
Хувьцаанд хөрөнгө оруулж, үр шим хүртэж, ногдол ашиг авч байгаа олон хүн бий. Гэхдээ иргэдийн олонх нь дээрх гурав шиг сэтгэгдэлтэй гэхэд болно. Тэгвэл хүмүүс яагаад хөрөнгийн зах зээлийн орчинд итгэлгүй байна вэ. Энэ нь ч цөөнгүй шалтгаантай. Тухайлбал, хөрөнгийн зах зээл банкны салбартай өрсөлдөх чадвар сул. Хувьцааны ханш нь хэлбэлзэлтэй, ногдол ашиг тогтмол биш, хүссэн үедээ хувьцаагаа заръя гэхэд худалдан авагч олдохгүй байх магадлалтай гэдэг. Мөн хөрөнгө оруулалтын эрсдэлийг иргэн өөрөө хариуцна. Нөгөөтээгүүр, иргэд яагаад эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг сонгох ёстой вэ, эрсдэл үүсэхэд хариуцлагыг хэн хүлээж, эрсдэлийг хэрхэн даван туулах боломжийг төрийг төлөөлж буй хамгийн том байгууллага МХБ болон бусад оролцогч хариулж чаддаггүй. Авсан хувьцааных нь ханш их дүнгээр уналаа гэхэд ханшийг нь зохиомлоор өсгөж, эсвэл бууруулсан уу, компанийн удирдлага болон эзэд нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж, үнийн “тоглолт хийж”, зах зээлээс шахаж байгаа, эсэхийг тогтоох боломжгүй. Зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцож, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалдаг, үгүйг ч мэдэх аргагүй зэргийг дурдаж болно. Азийн хөгжлийн банкнаас 2025 онд гаргасан Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээний тайланд ч хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, оролцоог идэвхжүүлж, ил тод байдлыг сайжруулах нь зүйтэй гэснийг дурдах нь зөв.
Үүнээс гадна МХБ гэдэг том айлд шинэчлэл бараг хийхгүй, зөвхөн даргыг нь сольдог болжээ. Уг нь тус биржийг хувьчлахаар шийдвэрлэн, 2022 онд 34 хувийг нь олон нийтэд санал болгосон билээ. Уржигдрын ханшаар нэг бүрийг нь 408.88 төгрөгөөр үнэлсэн 350.4 сая ширхэг орчим хувьцааны 66 хувийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар эзэмшиж байна. Улсын хэмжээний том дэд бүтэц, хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогч, хууль, журам гаргагч, биелэлтийг нь хангуулагч байгууллагын ядаж 51 хувийг олон нийтэд эзэмшүүлж байж, уг зах зээл илүү хөгжиж, иргэдэд, хувьцаа эзэмшигчдэд ээлтэй болно хэмээн үзэж байна. Энэ талаар “Өлзий энд ко капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр “Хөрөнгийн зах зээлийн талбарт хувийн хэвшлийнхэн тун сайн ажиллаж байгаа. Үүнийг бондын болон биржийн бус зах зээлийн салбар дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрөл, арилжааны дүнгээс харж болно. Бид энэ оны 1-6 дугаар сард 360 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хамаагүй өссөн дүн. Харин МХБ-ийг хангалтгүй ажилладаг гэж хэлнэ. Тэд дүрэм, журам өөрчилж, батлуулж, өөрсдийн дураар л ажилладаг. Хөрөнгийн зах зээлийн зовлон, жаргалыг бодитоор үнэлж, үйл ажиллагаа явуулж буй компаниуд, иргэдийн үгийг сонсохгүй байна. Мөн тус биржийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь улс төрийн томилгоотой хэвээр. Зүй нь ТУЗ-д үнэт цаасны компаниудын төлөөлөл, бизнес эрхлэгчид байх учиртай. Ярьвал их зүйл бий. Юутай ч хөрөнгийн зах зээлд итгэх иргэд олширч, хөрөнгө оруулах сонирхол өсөж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах нь нэмэгдэж буйг хэлэх нь зүйтэй. Үүнд хувийн хэвшлийнхний оролцоо их байдаг. Харин төрийн зүгээс шалтгаалах ажлаа хийж, МХБ дэх олон нийтийн оролцоог өсгөж, үйл ажиллагааг нь илүү нээлттэй болгох нь зүйтэй” гэв.
МХБ нь 2024 оноос хойш хоёр жилийн хугацаанд удирдлагын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр таван хүн ээлжлэн томилогджээ. Байнгын удирдлагагүй, түр орлон гүйцэтгэгчдийг л ажиллуулаад байгаа хэрэг. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүдэд одоогоор АҮЭБЯ-ны Хуулийн хэлтсийн болон Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга зэрэг төрийн албаны таван хүн байна. Эндээс тус бирж улс төрийн томилгоонд үндэслэсэн, халаа солио ихтэй байгууллага гэдэг нь харагдана. Түүнчлэн 2026 оны эхний арван сард тус биржид IPO хийхээр нэг ч компани хандаагүй аж. Энэ нь хөрөнгийн зах зээлд шинэ компани орж, олон нийтэд үнэт цаасаа санал болгосонгүй гэсэн үг. Хувьцааны арилжаа сул, хөрөнгө оруулалт татах итгэл бага, улмаар иргэдийн хөрөнгө оруулах чадвар муу байгаатай энэ нь холбоотой. Нэмээд МХБ-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн хөрвөх чадвар 2025 онд ердөө 2.1 хувь байсныг тэмдэглэх нь зүйтэй. Энгийнээр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөг гэвэл хөрвөх чадварын дээрх үзүүлэлтээр 210 тэрбум төгрөгийн арилжааны эрэлт үүснэ. Иргэд 10 сая төгрөгөөр хувьцаа худалдаж аваад, буцаагаад зарахад 210 000 төгрөгийнхийг л борлуулах магадлалтай гэсэн үг. IPO хийх компани байхгүй, зах зээлийн итгэл сул, хөрөнгө оруулах боломж ч тааруу байх нь хөрөнгийн зах зээл дорвитой хөгжихгүй гэсэн үг. Хөгжил муутай, хамрах хүрээ бага ийм явцуу зах зээлд гадаадын, мэргэжлийн хөрөнгө оруулагчбүр орж ирэхгүй.
Эцэст нь тэмдэглэхэд, МХБ-ийн зах зээлийн үнэлгээ өссөн, арилжааны үнийн дүн нэмэгдсэн, технологийн шинэчлэл хийгдсээр байгааг тус биржээс тогтмол мэдээлж буй. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ дээр дурдсанчлан иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сул, том компаниуд нөлөө бүхий цөөн хувьцаа эзэмшигчтэй учраас арилжааны хэмжээ бага, олон нийтийн оролцоо тааруу байгаа юм. Мөн уул уурхайн болон уул уурхайн бус төрийн өмчит компаниуд, банкуудын хувьчлалыг яаравчилж, олон нийтийн хөрөнгө оруулах идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх шаардлага байна. Улсын эдийн засгийн ерөнхий нөхцөл, төлөв тааруу байгаагаас иргэд урт хугацаанд хөрөнгө оруулж, үр шимийг нь хүртэх сонирхолгүй байгааг ч бодолцох нь зүйтэй
С.Цэрэн