Ерөнхий сайд асан Г.Занданшатар өчигдөр Малайзын Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, талийгаач Ш.Алтантуяагийн хэргийн талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, Малайзын талд тавьж буй дөрвөн хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр “Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа С.Шаарийбуу гуайтай анх уулзсан. Охиныхоо төлөө итгэл найдвар тээсэн тэр харц одоо ч сэтгэлээс гардаггүй. Энэ хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрлөө. Ш.Алтантуяа агсны ээж шударга ёс тогтохыг үзэж чадалгүй хорвоог орхиж, бага хүү нь ээжийгээ хүлээсээр 15 насандаа тэнгэрт одсон. Өнөөдөр аав нь уучлаарай гэх ганц үгийг ч сонсолгүй өтөлж явна. Өөр ямар ч эцэг, эх үрээ, ямар ч хүүхэд ээжийгээ алдаж ийм гашуун зовлон туулах ёсгүй. Эл хэргийг шударгаар шийдвэрлэх цаг болсон” гэв.
Гадаад харилцааны яамнаас Бангкок, Бээжинд суугаа Малайзын Элчин сайд нарт дипломат шугамаар албан ёсны байр сууриа илэрхийлж, С.Шаарийбуугийн давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй холбоотой гомдол болон иргэний нэхэмжлэлийг улс төрийн болон бусад хөндлөнгийн нөлөөллөөс ангид, баримтад тулгуурлан шударга, ил тод шийдвэрлэх хүсэлт тавьжээ. Мөн Австралид байгаа Сирул Азхар Умараас иргэний хэрэгт мэдүүлэг авах хууль ёсны боломжийг бүрдүүлж, түүнийг Малайзад шилжүүлэн өгөх асуудлаар хоёр улсын яриа хэлэлцээг эрчимжүүлэх, шинээр илэрсэн болон өмнө нь шалгаагүй нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн шуурхай шалгаж, холбогдох мэдээллийг өмгөөлөгчдөөр нь дамжуулан ар гэрийнхэнд нь хүргэх, шүүх ажиллагааны явц болон Монголын талаас тавьсан хүсэлт бүрд албан ёсоор бичгээр хариу өгөх зэрэг дөрвөн санал хүргүүлсэн байна.
Г.Занданшатар Малайзын шүүхийн хараат бус байдлыг хүндэтгэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс хэнийг ч цаазаар авхуулахыг хүсэхгүй гэдгийг тодотгож, Сирул Азхар Умарыг шилжүүлэн авах аливаа тохиролцоо хоёр улсын хууль тогтоомжид нийцсэн, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх бодит баталгаатай байх ёстойг онцолсон аж. Тэрбээр талийгаачийн гэр бүлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай ажиллаж, хүсэлтүүдийнхээ хариуг нэхэхээ илэрхийлсэн бөгөөд хувийн санаачилгаараа Малайз, Австралийн Засгийн газарт хандсан “Алтантуяагийн нэр төрийн төлөө” олон улсын цахим өргөдөл, гарын үсэг цуглуулах аян эхлүүлснээ зарлав.
Э.Сүйлэн