Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД, ҮНДЭСНИЙ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН III УРАЛДААН” 2023 оны арваннэгдүгээр сарын 8-аас Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус уралдааныг Бямбасүрэнгийн Шарав агсан 2012 онд өөрөө санаачлан зохион байгуулж байсан бөгөөд анхны уралдаанд Монгол, Япон, Орос, Хятад зэрэг улс орнуудын 80 гаруй уран бүтээлчид, 2016 онд 92 уран бүтээлч оролцож байсан. Өнөө жил мөн Монгол болон Орос, Хятад улсаас нийт 120 гаруй уран бүтээлчид авьяас чадвараа сорихоор бүртгүүлжээ.
Уралдааны зорилго нь төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хүрээнд сонгодог урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлах, авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжих, ур, чадварыг дээшлүүлэх хөгжмийн зохиолч Б.Шаравын туурвисан зохиол бүтээл болон орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.