Казахстан улсад буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд эхэлсэн. Шымкет хотод өрнөж буй тус тэмцээнд манайхаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлагад 30 тамирчин гурван ангилалд онц сорилоо. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн согомол гар бууны 50 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү хүрэл медаль хүртжээ. Түүнтэй өрсөлдсөн буудагчдаас эл дасгалд Ираны тамирчид эхний хоёр байрт шалгарсан байна. Тэгвэл залуучуудын ангилалд 50 меттийн хэвтээ 60 сумны дасгалд Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртэж, амжилтын буухиаг үргэлжлүүлэв. Монголын буудлага спортынхноос Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат тамирчин байхдаа 1987 онд тивийн анхны хүрэл медалийг сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүртсэн бол Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1991 онд аваргаар тодорсон түүхтэй.