Нийслэлийн явган хүний замд замбараагүй байршуулсан түрээсийн мопед, скүүтерийг цэгцлэх зорилгоор Бага тойруу орчмын 105 байршилд цахилгаан дугуй, мопед, скүүтерийн тэмдэг тэмдэглэгээ бүхий 2460 зогсоолыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тэгвэл дээрхээс өөр, зориулалтын бус газарт байршуулсан скүүтер, мопедыг ачих ажлыг өчигдрөөс эхлүүлэв. Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд байршуулаагүй тохиолдолд журамлаж ачихаас гадна 30 мянган төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ. Учир нь цахилгаан дугуй, мопед, скүүтерийг явган хүний зам дээр замбараагүй орхисноос үүдэн иргэд гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй хүмүүс мөргөж гэмтэх нь нэмэгджээ. Иймд мопед, скүүтер хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуйн нэгжүүдийг нийтийн эрх ашигт хүндэтгэлтэй хандаж, зориулалтын зогсоолд байршуулж хэвшихийг уриалсан юм. Тээврийн цагдаагийн албаныхны мэдээлснээр мопед, скүүтерийг өдөрт дунджаар 18 000 орчим хүн түрээсээр ашигладаг .
Э.Сондор