Экспортын бараа, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тогтвортой худалдаалах чадамж Монгол Улсын хувьд ижил төстэй бусад оронтой харьцуулахад хязгаарлагдмал хэвээр байгааг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас анхаарууллаа. Тухайлбал, Монголоос экспортод гаргасан шинэ бараа, бүтээгдэхүүний 31 хувь нь хоёр жилийн дараагаас тухайн зах зээлд тогтвортой худалдаалагдаж эхэлдэг бол энэ үзүүлэлт аажмаар буурсаар 10 жилийн дараа гэхэд 13 хувь хүртлээ доошилдог аж.
Нийтлэг жишгээр бол шинэ төрлийн бараа, бүтээгдэхүүнийг экспортолж эхэлснээс хойших 1-3 жилд тасалдах, зогсох эрсдэл өндөр, 3-5 жилд харьцангуй, таван жилээс хойших үед дундаж түвшинд тогтворждог гэнэ. Монголын хувьд зах зээлд шинээр нийлүүлсэн экспортын бүтээгдэхүүний дөнгөж гуравны нэг нь эрс уналтын үеийн сорилтоо давдаг ч тогтвортой байдал нь урт хугацаанд хадгалагддаггүй нь гол бэрхшээл юм байна. Энэ нь бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сул, стандартын хэрэгжилт тааруу, нийлүүлэлтийн сүлжээ муу, тээврийн зардал хэт өндөр зэрэгтэй холбоотойг тус банкнаас гаргасан “Монгол Улсын гадаад худалдааны өрсөлдөх чадварын тайлан”-д дурджээ.
Н.Буян