БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Донмён Кимтэй албаныхан уулзаж, хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах асуудлаар санал солилцлоо.
Манай улс 2004-2025 онд тус улс руу давхардсан тоогоор нийт 38.5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээжээ. Тэдний олонх нь төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал дахин боловсруулах салбарт голлон ажилладаг байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар 17 улсаас E-9 ангиллын буюу хөдөлмөрийн гэрээт ажилтан сонгон шалгаруулж авдаг. Одоогоор монгол иргэд гурван жилийн гэрээтэйгээр тус улсын аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй, үүний дагуу сар бүр товлосон хугацаанд ажилтан илгээж байгааг албаныхан хэлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд 722 иргэнийг БНСУ руу илгээжээ.
Донмён Ким “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд ажлын байран дээрээ үйлдвэрийн осолд өртөх, улмаар амь эрсдэх ч тохиолдол гардаг. Тиймээс манай Засгийн газрын зүгээс ажиллах орчныг нь сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдалд нь хяналт тавихад анхаарч байна. Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилтан, ажил олгогч нарт зориулсан сургалт, мэдлэг олгох нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж буй. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаанд нийтлэг гардаг цалин хөлсний маргаан, зөрчлийг багасгах, хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр талын хүчин чармайлт чухал” гэсэн юм.
М.Гэгээ