Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкныхны хамтарсан нийгмийн хамгааллын төслийн хүрээнд “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж дууссаныг мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийг 2022 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэдийг цар тахлын дараах үеийн хямралыг даван туулж, ядуурлаас сэргийлэх, амьжиргаагаа сайжруулахад нь зорилтот бүлэг, өрхөд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан аж. Энэ нь ч биеллээ олж, 96 хувьтай дүгнүүлсэн байна.
Дээрх төсөлд зорилтот бүлгийн 1259 өрхийг хамруулснаас 80.6 хувь нь төгсөлтийн шалгуурыг хангаж, хөтөлбөрөөс олгосон тоног төхөөрөмжийг ашиглан өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг болжээ. Суурь судалгааны үнэлгээгээр буюу өмнө нь өрхийн гишүүдийн 33.6 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол төгсөлтийн шалгуур хангасны дараа уг үзүүлэлт 93.3 хувь болж, орлогын эх үүсвэр нь ч дагаад нэмэгдсэн гэнэ. Тодруулбал, өрхийн насанд хүрсэн гишүүд төсөлд хамрагдахаас өмнө дөрвөн хувь нь л техникийн болон мэргэжлийн боловсролтой байж. Ташрамд дурдахад, салбарын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд өрх, иргэний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх дээрх хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгаж буй аж.
О.Бат