Үндэсний номын сангийнхан Монгол Улсын соёлын элч, морин хуурч Б.Болд-Эрдэнэтэй хамтран “Япон цаас хийх уламжлал ба технологи” сургалтыг зохион байгуулав. Б.Болд-Эрдэнийн урилгаар Монголд ажиллаж буй, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өв болох хосокава япон цаасны өвлөн уламжлагч Хироко Танино уг сургалтыг явуулжээ. Сургалтын эхэнд өвлөн уламжлагч түүний монгол морин хуурт зориулан хийсэн, хосокова япон цаасан цартай хуураар Б.Болд-Эрдэнэ уртын дууны аялгуу эгшгийг хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд тоглож сонирхуулсан байна.
Монголд ном судрын уламжлал, хэвлэлийн чиглэлээр судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүд, сонирхогчдын төлөөлөл бүхий 50 гаруй хүн сургалтад оролцож, япон цаас хийх арга технологийн талаар судлахын зэрэгцээ өөрсдөө хийж туршиж үзсэн нь тун сонирхолтой байсныг онцолжээ.
Л.Ням