Японы баруун өмнөд нутаг буюу Кагошима болон Миязаки мужийн дунд байрладаг Шинмоэдакэ галт уул өнгөрсөн баасан гарагт дэлбэрч, 5500 метрийн өндөрт үнс нурам агаарт тархсан байна. Тус бүс нутагтай хөрш зэргэлдээ оршдог хотуудад ч галт уулын их хэмжээний үнс нурам цацагджээ. Японд гамшгийг таван шатлалт үзүүлэлтээр хэмждэг бөгөөд энэ удаад гуравдугаар түвшний түгшүүр зарлаад буй аж. Энэ нь ойрын хугацаанд галт уул руу ойртож болохгүй гэсэн үг юм. Цаг уурын газрын мэдээллээс үзвэл дэлбэрэлтээс үүссэн тогооноос ойролцоогоор дөрвөн км-ийн зайд галт уулын чулуулаг шидэгдэх эрсдэлтэй гэнэ.
У.Сүрэн