Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд талууд хамтран Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, барилгын чиглэлээрх санхүүжилтийг дэмжихэд тус сангийн загварыг манайд нутагшуулах юм байна.
Монголбанк болон ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан нь 2018 оноос хойш тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлж буй бөгөөд “Монгол Улсад санхүүгийн салбарын тогтвортой өөрчлөлтийг дэмжих, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг бэхжүүлэх” чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, дөрвөн жилийн турш амжилттай ажиллажээ. Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь суурин төлөөлөгч Маркус Лох нар гарын үсэг зурж үзэглэсэн энэ удаагийн санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл нь 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх аж.
Л.Ням