Institute for economics and peace хүрээлэнгийнхэн “Дэлхийн энх тайвны индекс-2025” тайлангаа уржигдар танилцууллаа. Тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Дэлхийн энх тайвны индексээр Монгол 163 орноос 37, Ази, Номхон далайн бүс нутгийн 19 улсаас зургаадугаарт эрэмбэлэгдсэн байна. Ийнхүү нийлбэр дүнгээр 1.719 оноо авч, 2024 оныхоос найман байраар урагшилжээ.
Энэхүү судалгаанд дэлхийн хүн амын 99.7 хувь нь амьдардаг 163 орныг хамруулсан бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг 23 үзүүлэлтээр үнэлсэн гэнэ. Ингэхдээ нийгмийн аюулгүй байдал, дотоодын болон олон улсын мөргөлдөөнд хамрагдсан байдал, цэрэгжилтийн түвшин гэсэн гурван үндсэн ангилалд хуваасан аж. Тэгвэл дэлхийн хамгийн тайван улсуудыг Исланд тэргүүлсэн бол ОХУ сүүл мушгисан байна. Харин Ази, Номхон далайн орнуудыг аюулгүй байдлын үзүүлэлтээр нь жагсаахад Шинэ Зеланд тэргүүлж, Мьянмар 19 дүгээрт эрэмбэлэгджээ.
У.Сүрэн