Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтантайгаа хил нэвтрэхэд юуг анхаарах ёстой талаар Гаалийн ерөнхий газраас дараах зөвлөгөөг хүргэж байна. Иргэд гадаад улс руу гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тоть, усан гахай зэрэг амьтантай зорчихдоо дараах шаардлагыг хангасан байх ёстой аж. Тухайлбал, гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийн дэвтэртэй байх, микрочип суулгасан, галзуугийн вакцин, шимэгч хорхойн туулгалт, таван хам шинж бүхий өвчний эсрэг тарилгыг мөн хийлгэсэн байхыг анхааруулав. Түүнчлэн АНУ, Япон Улс руу гэрийн тэжээвэр амьтан авч явах бол цусны шинжилгээг нь урьдчилан хүргүүлсэн байх, Мал эмнэлгийн ерөнхий газраас олон улсын гэрчилгээ, харьяа гаалийн газар, хороодоос Гэрийн тэжээвэр амьтны экспортын гэрчилгээ авч, улсын хилээр нэвтрэх эрхтэй болно гэв.
М.Гэгээ