Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар улсын хэмжээнд энэ онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталлаа.
Тогтоолд нийт 2195 нэгж талбарыг тусгаж, байршлуудыг таван хавсралтад ангилжээ. Үүнд хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар 210, хот тосгон, бусад суурингийн 1879, зам, шугам сүлжээний 83, ойн сангийн 19, улсын тусгай хэрэгцээний газрын зориулалтаар дөрвөн нэгж талбарыг эзэмшүүлж, ашиглуулахаар болсон байна.
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” жагсаалт гарснаас хойш нийслэл, дөрвөн дүүрэг, 20 аймгийн 62 сумаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд нийт 3625 нэгж талбарыг төлөвлөж ирүүлсэн байж. Үүнээс 2195 нэгж талбар газрыг ийнхүү өнөө жил эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Ташрамд дурдахад, газрын сан төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах бөгөөд үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газрын даргад үүрэг болгов.
М.Гэгээ