Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг арилжааны дөрвөн банканд нэг жилийн хугацаатай, 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан билээ. Тэгвэл банкнуудтай байгуулсан гэрээний дагуу энэ оны наймдугаар сарын хүү болох 8.9 тэрбум төгрөгийн орлогыг санд хүлээн авсныг мэдээллээ. Өмнө нь мөн тав, зургаа, долоодугаар сарын хадгаламжийн хүүд 26.1 тэрбум төгрөг авч, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулжээ. Одоогийн байдлаар нийт 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлого төвлөрүүлээд буй юм байна. Хадгаламжийн хугацааны эцэст хүүгийн орлогоос нийт 105 тэрбум төгрөгийн орлого олох аж.
Сангийн үлдэгдэл хөрөнгийг өнгөрсөн жилүүдэд арилжааны банкнуудад байршуулаад алдчихсан, одоо болтол өр, авлага нь үргэлжилж буй. Уг асуудлыг цаашид давтахгүйн тулд хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгосон нь өдгөө ийнхүү үр өгөөжөө өгч эхлээд байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, ил тод, хараат бус санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно хэмээсэн. Үүний дагуу арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүн болон хүүгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталснаар хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм.
О.Ундрах