Шинэ Зеландын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлид Ерөнхий сайд Г.Занданшатарт өчигдөр бараалхав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд цаашдын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэх, тэр дундаа Шинэ Зеландын хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайд онцоллоо.
Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь өнгөрсөн хагас зууны туршид улс төрийн итгэлцэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөгжиж ирснийг тэмдэглээд, цаашид цар хүрээг нь нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Уг айлчлалын хүрээнд Шинэ Зеландын хонины ноосыг хяргах орчин үеийн техник, технологийг Монголд нэвтрүүлж, малчдын амьдрал ахуйд бодит хувь нэмэр оруулж буй “Шейр Монголиа” ашгийн төлөө бус байгууллагатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
Г.Сансар