Монгол тарвага энэ жил ердийн үеийнхээс харьцангуй эрт буюу сар гаруйн өмнөөс хөеө ноохойгоо хурааж, ичиж эхэлснийг орон нутагт ажиллаад ирсэн экологичид хэлж байна. Хөвсгөл аймгийн Улаан тайгын өмнөд хаялга, Булнайн нуруу, Алтан тэвшийн хөндийг зорьсон МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач Н.Батсайхан тэргүүтэй экологичид энэ талаар мэдээлсэн нь эрт хүйтэрч болзошгүй гэх сэрэмжлүүлгийг олон нийтэд өглөө.
Монгол орны тарвага, зурам, оготно зэрэг мэрэгч амьтад байгалийн бүсчлэл, нутгийн онцлогоосоо хамаараад ихэвчлэн есдүгээр сарын адаг, аравдугаар сарын эхээр ичдэг гэнэ. Харин өнөө жил “хулгар шар” хаа сайгүй эрт ичиж байгааг судлаачид хээрийн судалгааны явцдаа, хөдөө, нутгийн иргэдтэй мэдээлэл солилцох замаар ч баталгаажуулжээ. Зарим нутгийн малчид “Алтайн хар тарвага ийм эрт үүр лүүгээ шургаж байхыг үзсэнгүй” хэмээн халагласан гэнэ.
Мэрэгч амьтад хөеө ноохойгоо яаравчлан хурааж, үүр нүхээ бөглөвөл эрт хүйтэрч, цас ихтэй өвөл болохын дохио хэмээн монголчууд үздэг. Байгаль, цаг уурын төлөв байдлыг урьдаас шинжин мэдэх баялаг уламжлал, арга ухаантаймонголчуудад экологичдын энэ мэдээлэл эрт хүйтэрч болзошгүйг анхааруулав. Харин зарим судлаач үүнийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр улирлын хил хязгаар, зүй тогтол алдагдаж буйтай холбон тайлбарлажээ.
Н.Мишээл