Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран энэ сарын 6, 7-нд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулах нь. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээнүүдийн нэг нь энэ агаад Өмнөд Солонгосын Жолла мужаас үүнд тусгайлан оролцож, тухайн бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн онцлог бүтээгдэхүүнүүдийг эл өдрүүдэд танилцуулах юм байна. Мөн Солонгос улсын нэрийн хуудас болсон таеквондогийн үзүүлбэр, уламжлалт бүжиг, үндэсний болон фьюжн хөгжмийн тоглолт, бүжгийн үзүүлбэрүүдийг толилуулах гэнэ. Эдгээрээр тогтохгүй к-поп дуучдын томоохон тоглолт болох аж. Тоглолтод “Goblin”, “Moon lovers”, “Descendants the sun” зэрэг олон ангит киноны дуугаар танигдсан артист Punch болон “The Ade” амьд хөгжмийн, “Gugak” ардын бүжгийн, “Shining youth” бүжгийн хамтлагийн уран бүтээлчид оролцох юм. Мөн энэ үеэр солонгосын уламжлалт хоол, хүнсийг амталж, гоо сайхны бүтээгдэхүүнийг сонирхон, өөр сонирхолтой уралдаан тэмцээнд зохион бай-гуулахаар төлөвлөжээ.
Г.Орчлон