Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийнхон Францын Хөдөө аж ахуйн судалгааны олон улсын хамтын ажиллагааны төвийнхөнтэй хамтран “InterWater” төсөл хэрэгжүүлж байна. Үүнийхээ хүрээнд тэд өнгөрсөн сарын 19-25-нд Дорноговь, Өмнөговь аймгийн бэлчээрийн бүсэд хээрийн судалгаа хийгээд иржээ. Тэд хулан, цагаан зээр, аргаль тэргүүтэй зэрлэг амьтан болон мал ундаалдаг уст цэгүүдээс сорьц цуглуулсан аж. Ингэхдээ орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж ашиглан уст цэгүүдээс дээж авсан нь судалгаа, шинжилгээндээ метагеномик аргыг нэвтрүүлж буйтай нь холбоотой гэв. Энэхүү арга нь хөрс, ус, агаар зэрэг хүрээлэн буй орчин дахь бичил биетнийг генийн түвшинд судалж, мал, амьтны гоц халдвар, зоонозын өвчнийг эрт илрүүлэх оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх боломж олгодгоороо давуу талтай. Метагеномик аргаар зөвхөн бичил биетний төрөл зүйл бус, тэдгээрийн генетик бүтэц, үүргийг тодорхойлох, биоин-форматик боловсруулалт хийх боломжтой гэсэн юм.
Энэхүү судалгааг хийснээр мал, амьтны хил дамнан халдварладаг өвчний эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөх үндэс болох аж. Судалгааг Монгол, Францын вирус судлаач, биотехнологич нар гүйцэтгэж байна. Сонирхуулахад, мал, амьтны дунд халдварладаг 300 гаруй төрлийн вирус, өвчин байдаг. Үүний 160 орчим нь хүнд халдварладгийг ЗӨСҮТ-ийнхөн хэлсэн юм.
М.Гэгээ