“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ он гарснаас хойших хамгийн өндөр борлуулалтаа өнгөрсөн сард хийжээ. Тодруулбал, тус компани наймдугаар сард 2.9 сая тонн нүүрсийг 158.1 сая ам.доллароор борлуулсан байна. Энэ нь өмнөх сарынхаасаа 300 мянга, 2025 оны эхний зургаан сарын дунджаас 1.2 сая тонноор өссөн дүн аж. Өнгөрсөн сарын борлуултын 62 хувийг коксжих, үлдсэнийг нь баяжуулсан болон эрчим хүчний нүүрс эзэлжээ.
Тус компани энэ оны эхний хагаст нийт 10.2 сая тонн нүүрс арилжсан нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, ханшийн уналтаас үүдэлтэй эрс буурсан үзүүлэлт болсон юм. Сард дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулсан гэсэн үг. Тээвэрлэлтийн үе шатыг хөнгөвчлөх, худалдан авагчдад эцсийн бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх бодлого хэрэгжүүлж эхэлснээр долоодугаар сараас хойш борлуулалтын хувь хэмжээ нь эрс нэмэгдээд буйг “Эрдэнэс Тавантолгой”-гоос мэдээлэв.
Н.Мишээл