НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-д аюултай хог хаягдлыг ангилж, зайлуулах зориулалтын байр барьж, заримд нь лабораторийн тоног төхөөрөмжийн хамт нийлүүлээд байна. Эмнэлгүүдэд хог хаягдлыг зориулалтын дагуу савлаж, зайлуулах сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий стандартын шаардлага хангасан нийт 56 нэр, төрлийн 11 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
ХӨСҮТ-д эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсныг жишиг байдлаар олон нийтэд танилцуулсан юм. Мөн Хүүхдийн сангаас тус төвд 642 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн кабинет байгуулж, тоног төхөөрөмжөөр хангажээ. II шатлалын эмнэлгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн, аюултай хог хаягдлыг хадгалж, тээвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүд нийлүүлснээр хог хаягдлын менежмент, лабораторийн аюулгүй байдал нь сайжирсныг НҮБ-ынхан онцолсон. Түүнчлэн орон нутгийн эмнэлгүүд, зоонозын төвүүдийг ийнхүү сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангаснаар аюултай хог хаягдлыг байгальд ээлтэй, зардал багатай боловсруулж, зайлуулах боломж бүрджээ.
Ташрамд онцлоход, Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн дэлхийд өргөн хэрэглэдэг, өндөр зэрэглэлийн “59s SunClean” брэндийн “Х50” халдваргүйжүүлэх төхөөрөмжийг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүллээ. Энэхүү төхөөрөмж нь LED технологид суурилсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Мөнгөн ус агуулаагүй тул хүчилтөрөгчийг шатаахгүй, озон ялгаруулдаггүй учир хүнтэй үед ч өрөө, тасалгааг тогтмол халдваргүйжүүлэх боломжтой гэнэ. Тус эмнэлгийнхэн уг төхөөрөмжийг сүүлийн хоёр жил халдварын өндөр эрсдэлтэй тасаг, нэгжүүдэд суурилуулан туршилт, судалгаа хийхэд нян, бактерийг өндөр хувиар бууруулж, устгаж байсныг тогтоожээ. Тиймээс уг төхөөрөмжийг эмнэлэгтээ бүрэн нэвтрүүлэхээр болсон аж.
О.Оргилох
