Монгол, Хятад, Оросын гурван талт үйл ажиллагаа 2014 онд эх сууриа тавьсан гэж үздэг. Ийм санаачилгыг тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж Душанбе (Тажикистан)-д болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байдаг. Гурван улсын Төрийн тэргүүний анхны уулзалт ч тэнд болсон юм. ШХАБ-ын хүрээнд ийм уулзалтыг тогтмол хийж байхаар тэд тохиролцсон аж.
Хоёр, гурав дахь уулзалт 2015 оны долоодугаар сард Уфад, 2016 оны зургаадугаар сард Ташкентад болжээ. Дөрөв дэхийг нь 2018 оны зургаадугаар сард Циндао (Хятад)-д, тав дахийг нь 2019 оны зургаадугаар сард Бишкек (Киргиз)-т хийсэн байна. Зургаа дахь уулзалт 2022 оны есдүгээр сард Самарканд (Узбек)-ад болсон юм. Долоо дахь нь энэ сарын 2-нд Бээжин хотод боллоо. Бүх уулзалтад Хятадыг Си Зинпин, ОХУ-ыг Владимир Путин төлөөлж ирсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сая улсаа хоёр дахь удаагаа төлөөллөө.
Гурван улсын хамтарсан гол төсөл нь Хятад, Оросын газар нутгийг Монголоор дамжуулан холбосон эдийн засгийн коридор байгуулах явдал байсаар ирсэн байна. Энэ төсөл нь Евразийн эдийн засгийн холбоо, Хятадын “Бүс ба зам”, Монголын “Талын зам” санаачилгуудыг нэгтгэх зорилготой юм. Хөтөлбөрт 2016 оны зургаадугаар сард Ташкентад гарын үсэг зуржээ. Түүний хүрээнд хамтарсан 30 гаруй төсөл багтдагаас төмөр замын төв коридор (УлаанҮд-Наушки-Улаанбаатар-Эрээн-Бээжин-Тяньжин) болон Азийн автозамын АН-3 сүлжээг (Улаан-Үд-Хиагт-Улаанбаатар-Эрээн-Тяньжин) хөгжүүлэхийг чухалчилж үздэг юм. Гурван улсын хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн нь Зүүн Сибирийн хийн ордыг Монголын нутгаар дамжуулан Хятадын Шинжаан Уйгарын автономит мужтай холбох “Сибирийн хүч-2” хоолой юм. Энэ хоолой жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай байх юм. Тус гурван улс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тоног төхөөрөмж, анагаах ухаан, барилга байгууламж, логистик, боловсрол, боловсон хүчин бэлтгэх Хий дамжуулах хоолой Монголын нутгаар 960 км үргэлжилнэ болон бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг сонирхож байдаг юм.
Гурвын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Бээжин, Улаанбаатартай харилцаагаа хөгжүүлэхийг Орос улс чин сэтгэлээсээ эрмэлзэж байдгийг онцлоод, Орос, Хятад, Монгол нь нөхөрсөг хөршүүд бөгөөд уламжлал, харилцан дэмжлэг нь гурван ард түмнийг холбож байдаг юм гэжээ. Орос, Монголтой хамтран гадаад саад тотгорыг зайлуулж, гурван талын хамтын ажиллагааг өндөр чанартай урагш ахиулахад Хятад бэлэн, бидний удирдлагаар гурван талт хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, үр дүнгээ өгч байна гээд бүс нутгийн орнуудын аюулгүй байдлыг хангах талбар болж буй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал байгааг Си Зиньпин тэмдэглэжээ. Хятад, Оростой бүхий л салбарт харилцаагаа гүнзгийрүүлэхийг Улаанбаатар тууштай чармайж байгааг Монголын удирдагч тэмдэглээд, дэд бүтэц эдийн засгийн коридор, тээвэр, ложистик, эрчим хүч, худалдааны салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд Монгол Улс онцгой ач холбогдол өгч байна гэж хэлжээ.
Энэ уулзалт Хятадын Ардын хурлын ордонд болсон юм. Гурван удирдагч цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэдгээрийн дотор Монголын нутгаар дайруулах хий дамжуулах “Сибирийн хүч-2” төслийн “Союз Восток” хоолойг барьж байгуулах тухай санамж бичиг оров. “Хашаа хатгахад гурван шон хэрэгтэй, баатарт ч гурван туслах хэрэгтэй байдаг гэж Хятадад ярьдаг юм. Уул усаар холбогдсон нөхөрсөг хөршүүдийн хувьд, нэгэн хувь тавиланг эдэлж буйн хувьд Хятад улс Орос, Монголтойгоо хамт улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагааны тэргүүн зорилгоо хамгаалан, гаднын саад тотгорыг арилгаж, гурван талт хамтын ажиллагааныхаа өндөр чанарыг урагш ахиулахад манай улс бэлэн байна” гэж Хятадын удирдагч хэлжээ. “Манай гурван улсад адил төстэй зүйл олон бий. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хэлхээ холбоогоо хамтран хөгжүүлэх сонирхол бидэнд байна” гэж Путин тэмдэглэжээ. “Гурван улсын маань ард түмэн түүхэн дурсгалыг хадгалж, түүхэн үнэнийг гажуудуулахгүй, манай ялалт, дайны үр дагаврыг хойч үедээ бодитойгоор хүргэх ёстойг энд тэмдэглэхэд таатай байна” гэж Монголын төрийн тэргүүн У.Хүрэлсүх хэлээд, эдийн засгийн коридор бий болгох хөтөлбөр нь манай орнуудын ард түмэнд үлэмж ашиг тус өгч, харилцан хэлхээ холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болж, эдийн засгийн бодит өсөлт бий болгоход чиглэж буй. Энэ зорилгын хүрээнд эдийн засгийн коридорын төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үр ашигтай механизмыг бий болгох нь чухал” гэж У.Хүрэлсүх мэдэгджээ.
Оросын Ямалын ордоос Дорно зүг рүү хий дамжуулах хоолойн томоохон төсөл сүүлдээ “Сибирийн хүч-2” нэртэй болсон бөгөөд 20-иод жилийн өмнө “Алтай” нэртэй байв. Төслийн эхлэлийг бүр 1990-ээд оны эцсээр Борис Ельцин, Зян Зэминь нар тавьжээ. Хятад улс эрчим хүчний гадны эх үүсвэрээс 20-иос илүү хувийн хамааралтай байхгүй байх стратегийг төрийн түвшинд баримталсаар ирсэн аж. 2014 оны тавдугаар сард “Газпром” Хятадад 38 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр 30 жилийн хугацаатай гэрээ байгуулж, нэг жилийн дараа байгалийн хийн хэмжээг 50 тэрбум шоо метр болгосноор “Сибирийн хүч-2” бий болов. Түүний техникийн баримт бичиг, техник эдийн засгийн үндэслэл нь 2025 онд бэлэн болж, ганц арилжааны хэсгийг нь л тохиролцолгүй үлдээв.
Тяньжинд сая болсон дээд түвшний уулзалтад Хятадын удирдагчийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн очлоо. Хий дамжуулах шинэ хоолой Монгол Улсын нутгаар 960 км “явж” өнгөрөх юм. Түүнийг барьж байгуулах асуудал гарын үсэг зурсан санамж бичгийн нэг хэсэг нь.
Хятадын удирдагч Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй мягмар гарагт Бээжин хотноо уулзлаа. Олон улсын байдал өөрчлөгдөж буйгаас үл хамааран Хятад улс Монголын үнэнч, найдвартай түнш нь байх болно хэмээн Хятадын дарга онцлоод, харилцааны улс төрийн үндсийг хоёр тал хадгалж хамгаалж, хөгжлийн стратегийн нэгдлийг бэхжүүлж, аль алиныхаа шинэчлэлт өөрчлөлтийн замаар гар гараасаа барилцаж явахыг уриалсан байна. Хятадтай мөнхийн хөршийн найрамдалт харилцаатай явж ирсэн Монгол Улс удаан хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах нь гадаад бодлогынх нь тэргүүлэх чиглэл болохыг Ухнаагийн Хүрэлсүх мэдэгдэв. Түүний хэлснээс үзвэл Тайвань, Синьцян, Сянганы талаар Хятадын баримталж буй байр суурийг Монгол Улс дэмжиж, нэг Хятадын зарчмыг ямагт мөрдөж явах аж. Олон улсын тавцан дээр хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, Хятадтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэмээн У.Хүрэлсүх хэлсэн байна. Уулзалтын төгсгөлд гааль, цаг уур, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн салбарт хамтран ажиллах тухай хоёр талын баримт бичгүүдийг үзэглэжээ.
Дэлхийн II дайнд Японы милитаризмыг ялж, Дорно зүгт дайныг дуусгасны 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ энэ сарын 3-нд Бээжинд болсны оргил нь цэргийн парад байв. 70 минут үргэлжилсэн энэ ёслолын үеэр Хятад улс шинэ үеийн зэвсгээсээ танилцууллаа. Үүнд тавцан дээр байрладаг нисэх онгоц, дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцууд, нисгэгчгүй төхөөрөмжүүд, дуунаас хурдан пуужин орсон байна. Энд үзүүлсэн бүх зэвсэг Хятадын өөрийнх нь үйлдвэрийнх бөгөөд бүгд зэвсэгт хүчнийх нь хэрэглээнд нэгэнт орсон байв. Газар, ус, агаарын орон зайд байрлуулах стратегийн хүчээ Хятад улс энд анх удаа харуулжээ. Шинэ загварын танкууд, агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингуудаасаа ч ирсэн зочдод үзүүллээ.
1931 онд Японы арми Манжуурт түрэмгийлэн орсноос Хятадын эсэргүүцлийн дайн эхэлжээ. 1937 онд Япон бүрэн хэмжээний давшилтад орж, энэ дайн түгээмэл шинж чанартай болсон төдийгүй Дэлхийн II дайны бүрэлдэхүүн хэсэг бол¬сон юм. Эцэст нь Япон цэрэг дайны хүчин чадалгүй, дайныг үргэлжлүүлэх боломжгүй болж, бууж өгөх тухай баримт бичигт 1945 оны есдүгээр сарын 2-нд Америкийн “Миссури” хөлөг онгоц дээр гарын үсэг зурсан.
Энэ баярыг тэмдэглэхэд оролцсон зочдын дунд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун байв. Тэрбээр хуягласан галт тэрэг хөлөглөн Бээжинд иржээ. Цагт 60 км хурдтай явдаг түү¬ нийг хөдөлгөөнт цамхаг гэлтэй аж. Түүгээр Пёньянаас Бээжин хүртэл 20 орчим цаг явна. Энэ галт тэрэг удирдагчийн тусгай өрөөтэй, хамгаалагчид байрлах, ажил төрлөө ярилцах тусдаа танхимтай. Галт тэрэг нь түүний аялах хамгийн дуртай тээврийн хэрэгсэл ч 2018 онд Дональд Трамптай уулзахаар Сингапур руу, Си Зиньпинтэй уулзахаар Хятадын Далянь хот руу нисэх онгоц хөлөглөж байжээ. Тэрбээр 2019 онд Вьетнамд гурав хоног айлчлахдаа, 2023 онд Оросын Владивостокт очихдоо галт тэргээр явсан байна.
Р.Жаргалант