Итали улсын Милан, Кортина хотод ирэх оны хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулах өвлийн 25 дахь удаагийн олимпын болон паралимпийн наадмын медалийн загварыг танилцууллаа. Медалийн нэг тал нь тамирчны ялалт, нөгөө нь амжилтын ард байдаг баг хамт олныг илэрхийлэх хос утгатай аж.
Медалийн загвар нь голдоо олимп, паралимпийн бэлгэ тэмдэг болон “Милан-Кортина2026”-гийн логотой, диаметр нь 80 мм, зузаан нь 10 мм аж. Медалийг 1928 онд байгуулагдсан, Европын хэвлэл болон зоос үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Istituto Poligrafico e Zecca dello Stato” (IPZS) компани урлажээ. Тус компани нь Италийн Эдийн засаг, сангийн яамны харьяа байгууллага бөгөөд бүх медалийг сэргээгдэх эрчим хүч ашиглаж, байгальд ээлтэй, хоргүй, дахин боловсруулах боломжтой хамгаалалтын бүрхүүлтэйгээр хийсэн байна.
“Милан-Кортина-2026” медалиуд нь зөвхөн шагнал биш, Италийн зүрхний цохилт, хөдөлгөөнт загварын үндсэн илэрхийлэл болон мөрөөдөл биеллээ олж буйн тусгал хэмээн бүтээгчид онцолсон. Динамик, орчин үеийн шийдэлтэй эл медалийн загварыг нь Италийн авангард урлагаас сэдэвлэж бүтээжээ. Өвлийн олимпод тус бүр 245 алт, мөнгө, хүрэл, паралимпийн наадамд тус бүр 137 алт, мөнгө, хүрэл нийт 1146 медалийн эзэн тодрох юм.