Тарваган тахал өвчний хүний тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ. Энэ нь он гарснаас хойших анхны тохиолдол юм байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумд уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, энэ сарын 3-нд оношийг нь баталгаажуулсан гэнэ. Өвчтөнийг өдгөө аймгийн Нэгдсэн эмнэ¬лэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн Онцгой комисс, Зоонозын өвчин судлалын төв, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийнхнээс бүрдсэн мэргэжлийн баг холбогдох хариу арга хэмжээг яаралтай зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг албаныхан хэллээ. Эхний ээлжид аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Хөвсгөлөөс орох, гарах замын хөдөлгөөнийг хааж, 10 хоногийн хөл хорио тогтоосон байна. Түүнчлэн ЭМЯ, ЗӨСҮТ-өөс томилсон мэргэжлийн баг тус аймагт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдварыг гадагш тархаахгүй байхад хяналт тавьж байгаа гэв. Иймд иргэдийг эрсдэлт зан үйлээс ангид байж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
О.Ундрах