Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Өдөрт нэг аяга сүү” санаачилгыг тусгасан. 2024 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлийн 12 сургууль болон есөн аймгийн нийт 81 964 хүүхэд хамрагджээ. Гэвч 2025 оны улсын төсөвт “Өдөрт нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгаагүй тул нийслэл, орон нутгийн хэмжээнд эцэг эхийн дэмжлэгтэйгээр эхний хагас жилд нийслэл болон 12 аймгийн 85 262 хүүхдэд 120-250 мл сүүг долоо хоногийн 1-3 өдөр нэмэлтээр өгсөн аж.
Тэгвэл 2025-2026 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг сая гаруй сурагчийг “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт хамруулна гэж тооцвол нийт 175.3 тэрбум төгрөг шаардлагатай байгааг Боловсролын яамнаас мэдээлэв. Төлөвлөгөө ёсоор бол 2025 онд ерөнхий боловсролын сургуулийн зургаадугаар анги, 2026 онд 7-9 дүгээр анги, 2027 онд 1-5 болон 10-12 дугаар анги, 2028 онд цэцэрлэгийн хүүхдийг хамруулахаар тусгажээ.
Хүүхдэд долоо хоногийн 2-3 өдөр 150 мл сүүг гурван жилийн хугацаанд тогтмол өгөхөд жилд өсөж болох дундаж өндөр нь 1.5 см-ээр нэмэгдэж, биеийн хөгжлийн хоцрогдол дөрөв дахин багасдаг гэсэн судалгаа бий. Ташрамд дурдахад, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгааны дүнгээр сурагчдын 2.6 хувь нь өсөлт хоцрогдолтой, 2.3 хувь нь туранхай буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй, 67.3 хувь Д аминдэмийн хүнд болон хүндэвтэр дутагдалтай гэсэн дүн гарчээ.
Г.Сансар