Банкны салбарын сүүлийн үеийн үзүүлэлт иргэдийн худалдан авах чадвар, өрхийн орлого, өрийн дарамтад төр засаг онцгой анхаарал хандуулах дохио, сануулга болж буйг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэллээ. Тус холбооныхон Банк санхүүгийн академитай хамтран хийсэн “Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм” тайлангийнхаа үр дүнг өчигдөр олон нийтэд танилцуулсан юм. Энэ жилийн эхний хагаст банкны салбар харьцангуй тогтвортой, хэвийн өсөлттэй, ашиг орлого сайтай байжээ. Системийн нөлөө бүхий таван банкны нийт актив өмнөх оныхоос 8.5 их наяд төгрөгөөр өссөн бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн нийт хэмжээ 27 хувиар нэмэгдсэн байна.
Банкнууд өмнө нь хэрэглээний зээл түлхүү олгодог байсан бол сүүлийн үед бизнесийнх давамгайлж эхэлжээ. 2025 оны эхний хагаст олгосон бизнесийн зээлийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 19 хувиар өсжээ. Үүнд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ таван хувь байгаа нь түүхэн доод түвшинд дөхсөн үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд дурдав. Харин цалин, тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн нь иргэдийн амьжиргаа муудаж, өрийн дарамт ихэссэний илрэл хэмээн анхааруулсан юм.
2024 оны эхний хагаст олгосон цалин, тэтгэврийн нийт зээлийн хоёр хувь нь чанаргүй ангилалд багтаж байсан бол өдгөө энэ үзүүлэлт таван хувь болж нэмэгджээ. Түүнчлэн автомашин барьцаалсан чанаргүй зээл хоёр хувиар нэмэгдэн 14 болсон аж.
Н.Мишээл