Хонийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны төлөвлөгөөт дархлаажуулалтыг орон даяар эхлүүлснийг Мал эмнэлгийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Манай улс хонины цэцэг өвчний эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэдэг. Тиймээс уламжлал ёсоор “Биокомбинат” ТӨХХК-д үйлдвэрлэсэн, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх амьд вакцинд хамруулах юм байна. Энэ удаагийн төлөвлөгөөт дархлуужуулалтыг өвчний байгалийн голомт өндөртэй 14 аймаг, 169 сум, нийслэлийн зарим дүүргийн нийт 19.3 сая толгой хоньд вакцин хийхээр бэлтгэл хангажээ. Иймд малчдыг цэцэг өвчний эсрэг вакцинд хонин сүргээ идэвхтэй хамруулахыг зөвлөсөн.
Ташрамд сонирхуулахад, цэцэг өвчин нь хонины арьс, салстаар цэврүүт гүвдрүү гарах, халуурах зэрэг шинж тэмдгээр эхэлж, дотоод эрхтэн нь богино хугацаанд үрэвсдэг тул цочмог халдварт өвчин хэмээдэг. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн, шинж тэмдэг нь нууц үедээ байгаа хонь, ямаа болон тэдгээрийн шингэн ялгадас, шарх, тавны хогжруу зэрэг нь хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцыг бохирдуулдаг байна. Мөн өвчтэй мал, амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, хэрэгсэл, ноос, ноолуур, арьс нь вирусээр бохирдон тархана. Хонь, ямаа нас, хүйс, үүлдэр харгалзахгүйгээр өвчилдөг. Уг өвчнөөр малаа хорогдуулахгүй, бусад хотны хонь, ямааг халдварлахаас сэргийлэх гол арга нь вакцин гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрынхан хэлсэн.
О.Оргилох