Намар налайж байтал яах ийхийн зуургүй цас орж, өвөлтэй золгодог. Тиймээс бүх салбар, шат шатанд өвлийн бэлтгэлээ эртнээс базаахыг мэргэжлийн байгууллагууд сануулсаар буй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан гэхэд зөгийн аж ахуй эрхлэгчдэд ихэд санаа тавьжээ. Тэд “Монгол орны эрс тэс уур амьсгалд аж ахуй эрхлэгчид, тэр дундаа зөгийчид бүлээ эсэн мэнд өвөлжүүлэх нь яггүй ажил байдаг. Зөгийн зөв зохион байгуулалттай өвөлжөө нь бүлийг хахир хатуу өвлөөс хамгаалж, хүйтэн саруудыг эрүүл саруул, хүчтэй даван туулах нөхцөлийг бүрдүүлдэг” хэмээгээд дараах зөвлөгөөг хүргэснийг дамжуулъя.
Зөгийн өвөлжөөг газар дээрх, дунд, доорх гэж гурав ангилдаг байна. Манай орны хувьд газар доорх байр ашиглан зөгийн бүлийг өвөлжүүлэх нь нэн тохиромжтой аж. Тиймээс эл зааврын дагуу газар доорх өвөлжөөгөө бариарай.
• Өвөлжөө нь 100, 200, 350 бүлийн гэхчлэн харилцан адилгүй хэмжээтэй байх агаад орон сууц, аж ахуйн байшингаас зайтай, зөгийн сүрэг тогтмол амьдардаг нөмөр, дулаан хуурай газар барина.
• Өвөлжөөний дотор хэм +4 хүртэлх, агаарын чийгшил 75-80 хувь байна.
• Дотор талын хэсгийг холтослосон модоор баривал нэн сайн.
• Өндөр нь 2.4 метр, нэг бүлд 0.5 ам метр зай ногдохоор тооцоолно.
• Баганыг 25-30 см голчтой гуалингаар хийж, дээд хэсэгт нь 20-25 см-ийн бүдүүнтэй дам нуруу хийх нь.
• Үүрний гадна талыг хар цаасаар хучих, эсвэл хар тосоор тослон ялзрахаас сэргийлээрэй. • Үүний дараа хуурай шавар, үнсээр 40-45 см зузаалан, зай завсаргүй чигжиж дулаална.
• Бүх салхивчийг нээж, хаадаг байхаар хийх бөгөөд дулаалгыг давхар шийднэ.
• Салхивчны нүхийг нэг бүл зөгийд таван ам см талбай ногдохоор бодож гаргах аж.
• Дээврийг хийхдээ зузаан банзаар нуруу татаж холбон, нэг үе хар цаасаар бүтээж, үнс ашиглан мөн дулаалах юм байна.
М.Гэгээ