Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк зээлийн ангиллын мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг энэ сарын 10-наас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Монголбанк, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран “E-Mongolia” цахим систем дэх зээлийн мэдээллийн цэсэд өчигдрөөс тохиргоо хийжээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг олон жил хязгаарлаж ирсэн явдал эцэс болж, цаашид зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглахаар болов.
Зээлийн оноог зээлдэгчийн төлбөрийн чадвар, эрсдэлийн түвшин зэрэгт үндэслэн тооцоолдог бөгөөд санхүүгийн сахилга бат, өмнөх түүх, өр, орлогын харьцаа зэргийг харгалздаг тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрч, оноо нь буурсан ч эргээд төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх боломжтой. Дэлхийн улс орнуудад зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо нь төрийн, хувийн болон төр-хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байдаг. Манай улсын хувьд 2021 онд “Бүрэн скор ЗМС” ХХК, “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК-иуд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч, сангийн үйл ажиллагааг эрхэлж буй.
Л.Аргамжин