УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийлээ. Казахстаны парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар хийсэн эл айлчлал УИХ-ын даргын түвшинд 22 жилийн дараа болсноороо онцлог байв.
Айлчлалын эхний өдөр хоёр улсын парламентын дарга нар албан ёсны хэлэлцээ хийж, манай УИХ, Казахстаны Мажилис хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Хоёр улсын парламент хооронд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс ийнхүү бүрдсэн байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Казахстан улс бол монголчуудын хувьд бүс нутгийн чухал түнш төдийгүй Төв Азитай холбосон бат бөх гүүр” хэмээн тодотгоод цаашид тээвэр ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Мөн эл өдөр тэрбээр БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцжээ.
Айлчлалын хоёр дахь өдөр УИХ-ын дарга тус улсын Ерөнхийлөгч Касым Жо март Токаевт бараалхав. Ерөнхийлөгч К.Токаев “Монгол Улс бол Ази тив дэх найдвартай, чухал түнш бөгөөд бидний уламжлал, соёл, оюун санааны нийтлэг үнэт зүйлс нь стратегийн түншлэлийн бат бөх суурь болж байна” гээд хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төв Ази дахь анхны стратегийн түнш болох БНКУ-д хийж буй айлчлал нь нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншлаараа гүн гүнзгий хэлхээ холбоо бүхий уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжиллаа. Мөн хоёр орны иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд тээвэр, ложистикийн шинэ, дөт маршрут бий болгох, агаарын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой талаар талууд санал нэгдсэн байна.
С.Уул