Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин энэ сарын 4-9-нд манай улсад айлчилж буй. Баасан гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт хүндэт зочноо албан ёсоор угтан авч, уулзав. Тэд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг боломжит салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Хоёр талын хамтын ажиллагаа 50 гаруй жилийн хугацаанд хөгжиж буй бөгөөд 2007 оноос хойш “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байгаа юм. Харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэхээр талууд санал нэгдэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Австрали нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улсын чухал гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түнш” хэмээн тэмдэглэсэн юм. Хоёр улсын хамтын ажиллагааны нэрийн хуудас нь “Оюутолгой” төсөл, “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” юм. Эдгээр төсөл нь Монголын уул уурхайн эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйг Төрийн тэргүүн онцолж, цаашид хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Амбан захирагч С.Мостин боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг үе шаттай нэмэн Ерөнхийлөгчийн “Ил гээлт-2100” хөтөлбөртэй уялдуулах, Австралийн сайн дурын багш нарыг Монголд ажиллуулах, богино, дунд хугацааны сургалт хэрэгжүүлэх саналаа хэлэв. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдсэн байна.
Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 31 жилийн дараа Төрийн тэргүүн буюу Амбан захирагчийн хэмжээний айлчлал болж буй нь энэ юм. Австралиас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 680 сая ам.доллар юм байна. “Рио Тинто, “Жэйд Газ”, “Аспайр Майнинг” зэрэг 60 орчим аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 12 нь Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж.