Шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин өнгөрсөн оны нэгдүгээр сард зам, тээврийн ослын улмаас шатаж, их хэмжээний хор хохирол учруулсан билээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж олон айл орох оронгүй болсон. Тухайн үед тус орон сууцыг дахин засварлах боломжгүй, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Үүнд үндэслэн нийслэлийн Засаг дарга ч захирамж гаргаж байв. Гэвч одоо болтол оршин суугчид нь түрээсний байр, зочид буудалд амьдарч, 207 дугаар байрыг хэрхэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаргаас эхлэн хотын даргын захирамжийг хэрэгжүүлж эхэлжээ.
Орон сууцыг “Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан нурааж байна. Тус газрын дарга Ц.Болд “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу барилгыг 30 хоногийн хугацаанд буулгахаар төлөвлөсөн. Өндөр барилга нураах тул ойр орчмынх нь аюулгүй байдлыг хангах үүднээс явган зорчигч, автомашиныг хамгаалж хашаа, саравч барьсан. Эхний ээлжид цэвэрлэгээ хийж, 13 дугаар давхрын каркасыг буулгасны дараа жижиг механизм оруулан бетоныг хөрөөдөх, арматур жижиглэж хуваах гэх мэт ажил хийнэ. Үүний дараа 70 тоннын кранаар барилгын бүтээц ханыг буулгах юм. Барилгын дэргэд сургууль байгаа учир маш эрсдэлтэй байна. Мөн олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллана. Тэдгээрийг тоос шороо болон барилгын хатуу хог хаягдлаас хамгаалах ажил давхар хийж буй. Бид өмнө нь “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төв, “S outlet”-ын барилгыг буулгаж байсан” гэж ярилаа.
Дэлбэрэлтэд өртсөн барилгыг буулгах зардал 2.4, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс шаардлагатай хөрөнгийг эхний ээлжид нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэрээр гэм буруутай этгээдийг тогтоосны дараа нөхөн төлүүлэх гэнэ. Түүнчлэн оршин суугчдын өнөөг хүртэл байр түрээсэлсэн зардлыг нийслэлээс мөн санхүүжүүлж буй бөгөөд орон сууц ашиглалтад оруултал үргэлжлүүлэхээр болсон байна.
М.Гэгээ