Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хүүхдийн хоол үйлдвэрлэл, хангамжид урьдчилсан хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар сургууль, цэцэрлэгийн хоол, хүнс, хангамжийн төвүүд, тэдгээрт түүхий эд нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үнэлж, зөрчил илэрсэн даруйд чанар, аюулгүй байдлыг нь хангуулах аж. Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний, Баяжуулсан хүнсний, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг шалгаж, үнэлж дүгнэх гэнэ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн 173, хувийн 153 сургууль, улсын 325, хувийн хэвшлийн 343 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ хичээлийн жилийн хяналт шалгалтыг санамсаргүй түүврийн аргаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр 67 сургууль, 69 цэцэрлэгт хийж байгааг албаныхан хэллээ. Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит, хүнс хангамжийн таван төв, нийлүүлэгч аж ахуйн нэгжийн түүхий эд, барааны чанар, аюулгүй байдал, баталгаажилт, тээвэрлэлт, хадгалалтыг шалгаж буй юм. Салбарын хяналтын газрын дарга Б.Батшагай, нийслэлийн ахлах байцаагч нарын хамт сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийж буй шалгалтыг хянаж буй бөгөөд энэ сарын 16 хүртэл үргэлжлэх аж.
О.Оргилох