Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” дуу, хөгжмийн III их наадам энэ өдрүүдэд болж байна. Энэ удаагийн уралдааныг түүний төрөлх нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд зохион байгуулж буй. Наадмыг соёл урлагийн салбарын ноён оргилууд, хүндтэй зочид төлөөлөгчид зорин ирсэн аж. Тэд уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн замнал, хөгжмийн ертөнцөд оруулсан үнэт хувь нэмрийг илтгэх “Гэр урлан”-тай нь танилцжээ.
Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр болж, тус шатанд 25 дуучин авьяас чадвараа сорин өрсөлдөж байгааг зохион байгуулагчид хэллээ. Энэхүү наадмыг нэрт хөгжмийн зохиолчийн уран бүтээлийн замнал, ертөнцтэй нь танилцах, түүний авьяас билгийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ залуу хойч үед урам зориг өгөх урлагийн үнэт өвийг өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.
М.Гэгээ