Хот урагш хүрээгээ тэлж, орон сууцын хороолол, хотхонууд олноор барьж буй ч дэд бүтцийг нь шийдээгүйгээс өдгөө олон мянган хүүхэд сургууль, цэцэрлэггүй хохирсоор байгаа билээ. Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах 34 дүгээр сургууль бол үүний хамгийн тод жишээ. Ачаалал нь өдгөө тэсвэрлэхийн аргагүй хэмжээнд хүрээд буйг багш, ажилчид нь хэлж байна. Хүний нөөцгүйгээс арван багш давхар анги дааж авсан, нэг ангид 60-70 хүүхэд сурч, бага бүлгийнхэн гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Учир нь тус дүүргийн дөрөв, 23, 24 дүгээр хорооныхон дундаа ганцхан 34 дүгээр сургуультай. Хүүхдийн тоо нь 6300 давжээ. Түрээсийн хоёр байр нэмж ашиглаж байгаа ч гурван ээлжийг халж чадаагүй. Анги дүүргэлт 60-аас хэтэрсэн тул хүүхдүүдийн сурч боловсрох эрх, нөхцөлийг бүрмөсөн үгүй хийжээ.
Сургуулиас нэмэлтээр түрээсэлж буй “Г” байрных нь нөхцөл бүр ч ноцтой хэмжээнд байгааг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхжаргал өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр “Г” байр автобусны буудлаас л гэхэд 700 м зайтай. Хүүхдүүд нэг талдаа 2-3 км алхаж сургуульдаа хүрч байна. Замынх нь нөхцөл байдал маш муу. Мөн түрээсийн байр нь зориулалтын бус учраас анги, танхим нь байнгын цуурай, чанга чимээтэй. Үүнээс болж хүүхдүүд маш их ядарч байна. Бие засах өрөөний наад захын нөхцөл хангагдаагүй, цаас хийх хувин ч алга. 7к, 7и бүлэг тусдаа CU дэлгүүрийн дээд талд хичээллэж байгаа. 7и ангийн 50 сурагч цонхгүй өрөөнд суудаг гээд бод. Биеийн тамирын заал байхгүйгээс ангидаа энэ хичээлээ ордог. Мэдээлэл зүйн танхимгүй, ядаж ангиудад ганц ширхэг таблет ч байхгүй. Ийм байхад орчин үеийн шинжлэх ухаан, хиймэн оюуны боловсрол гэж яриад ч хэрэггүй. Мөн технологийн хичээлийн зориулалтын танхимгүй, эрэгтэй, эмэгтэй сурагчид нэг дор хичээллэдэг учраас оёдлын машин, багаж, хэрэгсэл ашиглах ямар ч боломжгүй. Ус уух, амрах, завсарлаад суух сандал ч үгүй. Хонгил нь хэт нарийн тул хүүхдүүд зөрөх боломжгүй. Агааржуулалтгүй анги, танхимд хүүхдүүдийн эрүүл мэнд эрсдэлд ороод байна шүү дээ. Уг асуудал өнөөдөр гэнэт үүсээгүй. 3-4 жилийн өмнөөс л тодорхой болсон байхад төрөөс урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүй нь хачирхалтай. Багш, ажилчид, эцэг, эхчүүдийн дунд үл ойлголцол, маргаан байнга гарч байгаа нь шат шатны удирдлагын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Энэ бол төр засгийн буруу. Иймд Боловсролын сайд, дүүргийн Засаг дарга, харьяа хэлтсийн удирдлагууд энд ирж, хүүхдүүдтэй хамт хичээлд сууж, өөрсдийн биеэр дээрх зовлонг мэдэрнэ үү. Хэрэв шаардлагатай бол урилгыг нь хэвлэж, гардуулахад бэлэн” гэлээ.
О.Бат