Олон улсын түвшинд судалгаа, шинжилгээ, эрдэмтдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр 1904 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “The explorers club” хэмээх байгууллагад манай улсын “Explore Mongolia” компани гишүүнээр элсжээ. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй тус байгууллагын гишүүд Эверестийн оргилд гарах, хойд, өмнөд туйлыг судлах, далайн хамгийн гүн цэгт очих зэрэг дэлхийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, сонирхолтой олон судалгааг хамтран гүйцэтгэсний дотор 1920- иод оны үед Монголын говьд хийсэн хээрийн ажил ч багтдаг гэнэ. Тэд энэ ажлынхаа бэлгэ тэмдэг болгож тус байгууллагын далбааг Монголын говьд мандуулсан бөгөөд үүнээс хойш манай улсын цөөнгүй эрдэмтэн, судлаач гишүүнээр элсжээ.
Тэгвэл хээрийн эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн аялал, экспедиц, арга хэмжээ дагнан зохион байгуулдаг компаниудаас “Explore Mongolia” манай улсаас анх удаа гишүүнээр элссэн нь энэ юм. Ингэснээр олон улсын эрдэмтдийг хамруулсан судалгаа, шинжилгээ, тусгай сонирхлын аялал зохион байгуулах, энэ төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн аж.
Ж.Сувд