Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд 58 мянган ажлын байр бий болоод байгаа аж. Хөдөө аж ахуйн салбар тэлж буйн хэрээр малын тоо толгой ч дагаад нэмэгджээ.
Салбарын яамны судалгаагаар бэлчээрийн даац өдгөө 25 сая толгой малаар хэтэрсэн гэв. Өнөө жил нийт нутгийн 70 хувь нь гандуу буюу бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас олон мянган мал энэ өвлийн зудад үрэгдэх эрсдэлтэй байгаа аж. Тиймээс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүсжээ. Үүний хүрээнд махны экспортыг ямар нэгэн хорио цээргүй өргөтгөж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хэллээ.
Мал, тэжээвэр амьтдыг 1961 оноос хойш жилийн эцэст буюу арванхоёрдугаар сард тоолдог болсон билээ. Өнгөрсөн оны эцэст таван хошуу малын тоо 57.6 саяд хүрсэн юм. Бэлчээр доройтож, цөлжилт эрчимтэй явагдаж буй өнөө үед малын өсөлтөд бус, үржил шим, чанарт нь анхаарах бодлогыг салбарын яамнаас баримталж буй гэлээ.
О.Ундрах