Нийслэлд уламжлал болсон автомашингүй өдөр энэ бямба гарагт тохиох юм. “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг энэ жил “Эрсдэлгүй эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ болох аж. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан амны хөндийн үзлэг, чихрийн шижин, сүрьеэгийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх зөвлөгөө, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл хүргэх юм байна.
Эл өдөр 07.00-18.00 цагийн хооронд тодорхой байршилд замын хөдөлгөөнийг хязгаарлах бөгөөд зах, худалдааны төвүүдийг ажиллуулахгүй. Тодруулбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн, Чоймболын гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Жуулчны, Баруун сэлбийн, Төмөрчний гудамжийг тус бүр хаах юм. Мөн “Гэсэр” сүмийн уулзвар, Ж.Самбуугийн, Анкарагийн, Бээжингийн, Залуучуудын гудамж, Бага тойруу орчмын замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнчлэн Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Г.Чагдаржавын, С.Зоригийн, Элчингийн, Олимпийн, П.Гэндэнгийн, Д.Чойдогийн, С.Жамъяан гүний гудамж болон Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар, мөн дотогш замуудыг тус бүр хаах гэнэ.
Ч.Болор