Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумд “Мимо” агро парк барьж буй. Үүний хүрээнд өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрийг “Мимо эрдэс премикс” компанийнхан байгуулжээ. Агро паркийн тэжээлийн энэхүү автомат үйлдвэрийн бүтээн байгуулалт өдгөө дууссан, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг дотоод засварын ажил үргэлжилж буй аж. Орон нутагт анх удаа баригдаж буй, “Мимо” тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 30-наас эхлүүлэх болсныг салбарын яамнаас мэдээлэв. Ингэснээр шинжлэх ухаанд суурилсан, эрдэст тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах нөхцөл бүрдэнэ гэв. Дээрх үйлдвэрт улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг зэрэг тэжээлийн ургамлыг орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан эрдсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх аж. Эрдэст тэжээл нь малын махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна ган, зуд болж цагийн байдал хүндэрсэн үед сүрэгт тарга хүч оруулах, өвөл, хаврыг малынхорогдолгүй даван туулахад үр дүнтэй болох нь туршилтын үеэр нотлогдсон талаар үйлдвэрлэл эрхлэгчид онцлов. Улмаар малчид замын зардал, цаг хугацаа хэмнэн, тусгай тэжээлээ орон нутгаасаа худалдан авах боломжтой болох юм.
М.Гэгээ