Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын хэмжээн дэх ургац хураалтын явцтай газар дээр нь танилцаж буй. Тэд газар тариалангийн бүс нутаг болох Орхон, Сэлэнгийн нутгаар, тэр дундаа улсдаа үр тариалалтаар тэргүүлэгч “Бүтлийн ундарга” компанийн талбайд очжээ. Тус компанийнхан сүүлийн 17 жилд нэг га талбайгаас 45-53 цн ургац хураасан амжилтаар улсдаа тэргүүлэгч болсон билээ. Энэ намар ч мөн нэг га-гаас 35-45 цн ургац хурааж буйгаа хэлэв.
“Бүтлийн ундарга”-ынхан “Атрын IV аян”-ы хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах, 3500 тоннын агуулах бүхий бүрэн автоматжуулсан цогц байгууламж барьж, ашиглалтад оруулжээ. Мөн улаанбуудайн үрээ шинэчилж, Бурятская-остистая, Гонец, Алтайская-70, Байкальская зэрэг сортыг амжилттай нутагшуулсан аж.
Орхон аймгийн хэмжээнд 13 аж ахуйн нэгж, 272 өрх газар тариалан эрхэлж байна. Энэ онд 5156 га талбайд тариалалт хийснээс улаанбуудай 8958, төмс 1457, хүнсний ногоо 5760, малын тэжээл 1076, тосны ургамал 1393 тонныг хураан авах төсөвтэй. Ингэснээр аймгийн хэрэгцээт улаанбуудайг 100, төмс, хүнсний ногооны 50-80 хувийг хангана гэж тооцжээ.
Тэгвэл Булган аймгийн Тэшиг, Хутаг- Өндөр, Бугат, Сэлэнгэ, Хангал сум ургац хураалтад бэлтгэж, техникийн засвар, үйлчилгээг 92-96, үтрэмийн бэлэн байдлыг 80-88 хувьтай хангаад буй гэв. Аймгийн хэмжээнд үр тарианы болц жигдэрсэн, урьдчилсан балансаар нэг га-гаас 11.9 цн ургац хураан авахаар төлөвлөжээ. Түүнчлэн Өмнөговь аймагт намрын ургац хураалтын ажил ид үргэлжилж буй. 700 орчим иргэн, аж ахуй нэгж газар тариалан эрхэлж, төмс 57.7, жимс, жимсгэнэ 34.5, тэжээлийн ургамал 26.9, хүнсний ногоо 95.6, нийт 214.7 га талбайд тариалалт хийсэн байна. Одоогоор ургац хураалт 20 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Дорноговь аймгийнхан ч өнөө жил нийт 208 га талбайд тариалалт хийж, ургац хураалтын ажил 40 хувьтай үргэлжилж буйгаа мэдээллээ.
О.Оргилох