Ази, номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны ерөнхий чуулган өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 15 хүртэл үргэлжлэх тус чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Өмнөд Солонгосын KBS, Австрали, Италийн нэр бүхий телевизүүд, Туркийн TRT тэргүүтэй 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.
“ABU general assembly” олон улсын хурлыг МҮОНРТ-ийнхэн эх орондоо хоёр дахиа зохион байгуулж буй нь энэ. Ерөнхий чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийнх Турк улсад болж, хиймэл оюуныг өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглах талаар хэлэлцсэн юм. Тэгвэл энэ удаагийнх “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд болж буй. Уг хурлыг Монголд зохион байгуулснаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын уран бүтээлчидтэй туршлага солилцох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эх орноо сурталчлах зэрэг олон давуу талыг бий болгожээ. Хурлын үеэр цөөнгүй арга хэмжээ төлөвлөсний нэг нь “ABU дууны наадам” бөгөөд 10 орчим улсын уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн гэнэ. Манай улсаас л гэхэд тус наадамд эх орноо төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох юм.
ABUнь өргөн нэвтрүүлгийн дэлхийн хамгийн том холбоо гэдгээрээ нэр хүндтэй. Гишүүдийнхээ сүлжээгээр дамжуулан бүс нутгийн хэмжээнд гурван тэрбум хүнд хүрдэг гэж үздэг. Улс төрийн болон ашгийн бус, мэргэжлийн холбоо гэдгээрээ 1964 байгуулагдаж, өнгөрсөн хуга¬цаанд өргөн нэвтрүүлгийн сүлжээг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Олон улсын хэвлэл мэдээллийн салбарын гол тоглогчдын хамтын ашиг сонирхлыг дэмжих зорилготойгоор сүүлийн 10 жилийн хуга¬цаанд нийгмийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад сэтгүүлчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн аж. ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй, өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, салбарын болон олон улсын хурал зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлж байна.
О.Оргилох