Мексик улсын нийслэл Мехико хотын Изтапалапа дүүрэгт энэ сарын 10-нд 49 500 литр хий тээвэрлэж явсан ачааны машин онхолдож, дэлбэрсний улмаас гурван хүн амь үрэгдэн, 57 иргэн шархадсан тухай хотын захирагч Клара Бругада мэдээлэв. Мехико хотын ойролцоох хурдны замд болсон уг ослын үеэр шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Ачааны машин эргэлттэй замд онхолдсон ба ослын шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор албаныхан ажиллаж байна.
Иймэрхүү хор уршиг ихтэй осол манай улсад төдийгүй бусад олон оронд гарч байгаа тул хот доторх замаар хий, шатахуун, түлш тээвэрлэсэн хүнд даацын автомашин явахыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай бол өдрийн бус цагаар хөдөлгөөн сийрэг үед ард, урдаа тусгай хамгаалалттайгаар тээвэрлэх зэрэг арга хэмжээ авахыг сануулдаг. Ялангуяа хотынхоо дундуур төмөр замаар шатамхай бодис, түлш, шатахуун тээвэрлэж байгаа явдлыг бүрэн халах ёстойг дээрх осолтой холбогдуулан мэргэжилтнүүд анхааруулжээ.
Л.Ням