Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар ихэвчлэн сүүл мушгидаг Говь-Алтай аймагт ажлын байр хомс гэсэн шалтгаанаар залуус тэр бүр тогтож суурьшдаггүй. Тэгвэл тус аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгох Шохойн чулууны үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Дөрвөлжин ордыг ил аргаар олборлож, улсдаа анхны эргэх зуухтай технологи нутагшуулж буй тус үйлдвэр нь орон нутгийн төсөвт жил бүр 5-7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэнэ.
Түүнчлэн үйлдвэрийг дагасан жижиг, дунд бизнесүүд идэвхжиж, ханган нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээний салбарт ч өсөлт авчрах бөгөөд зөвхөн эндээс л гэхэд жилд 2-3 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно гэж тооцоолжээ.
Улсын хэмжээнд жил бүр 10 гаруй сая ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүнийг дотоодоос хангах боломж бүрдүүлж, бүсийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх таамагтай тус үйлдвэрийн нээлтэд УИХын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд оролцсон байна.
Г.Сансар