Дэлхийн авьяас, ур чадварын тайланд Монгол Улс сүүл мушгисан талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс мэдээлэв. Тодруулбал, манай улс авьяас, ур чадвараараа 69 улсаас 69-д эрэмбэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын хөгжил, ур чадварыг татах, мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал гэсэн хүчин зүйлсийн нөлөөгөөр ерөнхий оноог гаргажээ. Үүнээс манай улсын сайн үзүүлэлтүүд нь ажиллах хүчний өсөлт, сургалтад хамрагдаж буй хувь, ДНБ-д харьцуулахад боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт, эмэгтэйчүүдийн ажиллах хүч байсан бол амьдралын чанар, ур чадвартай менежерүүд болон чадварлаг боловсон хүчний олдоц, эрүүл мэндийн дэд бүтэц, ажиллагсдын урам зориг гэсэн үзүүлэлтэд сул “дүн” авчээ. Дэлхийн өрсөлдөх чадварын төвийнхний хэлж буйгаар “Авьяас ур чадварын индекс” нь тухайн улс орон өөрсдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх нөөц бололцоогоо хэрхэн дайчилж, ахиц, дэвшил гаргаж буйн тусгал бөгөөд “өрсөлдөх чадвар” бол өрсөлдөөн биш юм гэдгийг онцолсон байна.