Намрын чуулган эхэлсэн учраас өчигдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдав. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, гишүүд Ц.Баатархүү, Б.Түвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 1992 оноос хойш Улаанбаатар хотод олгосон газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл хуулийн хүрээнд байсан, эсэхийг шалгах, тооллого хийх түр хороо байгуулахаар тус намын бүлгээс санал нэгджээ. Улмаар хяналтын сонсгол хийх юм байна. УИХ-ын 32-оос дээш гишүүн дэмжсэн тохиолдолд хяналтын сонсгол хийх тухай тогтоолын төслийг өргөн барих боломжтой. Тэгвэл АН-ын 37 гишүүн үүнд нэгдэж гарын үсгээ зуржээ. Нийслэл хотын түгжрэл, агаарын бохирдол зэргийн үндсэн шалтгаан нь газар олголт, түүний ар дахь авлигатай холбоотой гэж тэд үзсэн байна.
Мөн ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан аж. Өмнөх чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, Засгийн газрын мэдээллийн цагийг парламентын асуулгынх болгон өөрчилсөн. Үүний хүрээнд эхний асуулгыг энэ сарын 26-нд тавих бөгөөд үүгээр ямар асуудал оруулахаа ярилцахаар болсон байна. Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барихаар болжээ.
О.Цогтгэрэл намынхаа даргаар сонгогдсон учраас УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэн болох вэ гэсэн асуулт бий. Энэ талаар тэрбээр “УИХ-ын тухай хуулийн дагуу бүлгийн гишүүд дундаасаа нэр дэвшүүлж сонгоно” гэв. АН-ыг дахин хамтарсан Засгийн газарт урьсан, УИХ-ын даргын суудал амласан гэх мэдээллийн тухайд “МАН-ын төлөөллийн төв байгууллагаас АН-тай хамтарч ажиллахгүй гэсэн шийдвэр гаргасан нь хүчин төгөлдөр байгаа. Тиймээс Засгийн газарт хамтрах тухай ямар нэг яриа хэлэлцээ болоогүй” гэв.
С.Уул