Бэлчээрийн ургамлын ургалт энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 55 хувьд буюу Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатарын ихэнх, Баянхонгор, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Өвөрхангайн цөөн сумын нутгаар хэвийн байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв. Харин Баян-Өлгий, Увс, Төвийн зарим, Ховд, Завхан, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумд муу, бусад нутгаар буюу 40 хувьд дунд зэрэг ургажээ.
Өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур секундэд 16-27 метр буюу аюултай, Ховдын Дунд-Ус, Говь-Алтайн Бугат, Өмнөговийн Цогт-Овоод секундэд 29-34 метр буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Мөн агаарын температур дунджийн орчим буюу түүнээс 1.1-3 хэм хүйтэн, хур тунадас нийт нутгийн 66 хувьд дунджаас ахиу, 34 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ихэнх нутгаар дунджийн орчим, түүнээс бага орсон байна.
Ч.Туяа