Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлийнхөн тэтгэврийн зөрүүг арилгаж, хэмжээг нь нэмүүлэх тухай албан шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХын даргад хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээлэл өглөө.
Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэтэл тэтгэврээ доод хэмжээнд тогтоолгосон ахмадууд өдөр хоногийг амь зогоох төдий хүндхэн өнгөрүүлж буй. Тиймээс бид орон нутгийн ахмадын байгуул¬лагаар дамжуулан тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтийн судалгаа авсан. Улмаар Ахмад настны тухай хууль бүрэн хэрэгждэггүй, үүнд заасан арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр дутмаг болохыг тогтоосон. Эмчилгээ сувилгаа, асрамж үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүй, эмийн үнэ хэт өндөр, чанаргүй байдаг зэрэг гомдол давамгайлж байна.
Иймд тэдний санал, гомдол, шаардлагад үндэслэн манай зөвлөлийнхөн ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тусгайлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх шаардлага хүргүүлж байна. Уг баримт бичигт ахмадуудын амьжиргааны түвшин, орлогын эх үүсвэрийг баталгаатай болгох үүднээс тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн эхчүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоог харгалзан үзэж, нэг жилийг 1.5-аар тооцон хүүхэд бүрд нэмэгдүүлж тогтоодог хуулийн заалтад тэгш хамруулан, тэтгэврийг нь шинэчлэн тогтоох ёстой. Түүнчлэн түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөрийг 2026 оноос эрчимтэй хэрэгжүүлж, квотыг нь аймаг, нийслэл, дүүрэг бүрд тогтоох учиртай” гэсэн юм.
У.Цэцэг